Монгол бөхийн өргөөний барилдааны дэвжээг шинэчилжээ
Монголын үндэсний бөхийн холбооноос барилдааны дэвжээг шинэчлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сард зарлаж, үндэсний үйлдвэрлэгч “Жем интернэйшнл” компани шалгарсан байна. Тус компани 2022 онд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэвжээний хивсийг шинэчилж байсан бөгөөд дөрвөн жилийн дараа дахин сольж байгаа нь энэ юм.
Шинэ дэвжээний хивсийг монгол хонины ноосоор үйлдвэрлэсэн бөгөөд халтирч гулгахгүй, барилдахад зөөлөн, эвтэйхэн зэрэг давуу талтай. Өмнө нь хивсийг модон шалан дээр шууд дэвсдэг байсан бол энэ удаа доод хэсэгт нь зөөлөвч резин байрлуулжээ. Мөн бөхчүүдийн суудлын доод хэсэг хүртэл хивсийг үргэлжлүүлэн дэвссэнээр барилдааны үеэр модон шалан дээр унаж, бэртэх эрсдэлийг бууруулах боломжтой болсон байна.
Түүнчлэн монгол уламжлалт хээ угалз, ширмэл ширдэгний хэв загварыг шингээснээр Бөхийн өргөөний өнгө төрхийг шинэчилжээ.
Шинэ дэвжээн дээр Улс тунхагласны ойн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан зохион байгуулагдсан бөгөөд бөхчүүд дэвжээний зөөлөн байдал, өнгө үзэмж, барилдахад эвтэйхэн болсон зэрэг давуу талыг онцолсон байна.
Монгол бөхийн өргөөг орчин үеийн спортын байгууламжийн стандарт, шаардлагад нийцүүлэх, бөхчүүд болон үзэгчдийн аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор 2021 оноос их засвар, шинэчлэлийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа юм.