Ажлын зарын дагуу ОХУ-д очсон найман иргэнийг нутаг буцаажээ
ГХЯ, ЦЕГ-ын мэдээлснээр, өндөр цалинтай ажлын зарын дагуу ОХУ-д очсон найман иргэнийг буцаажээ. Нэг иргэн нас барж, нэг нь олзлогдсон гэх мэдээлэл байна.
ГХЯ, ЦЕГ-ын мэдээлснээр, өндөр цалинтай ажлын зарын дагуу ОХУ-д очсон найман иргэнийг буцаажээ. Нэг иргэн нас барж, нэг нь олзлогдсон гэх мэдээлэл байна.
Өндөр цалинтай ажилд зуучилна хэмээн хууран мэхэлж, цэргийн үйл ажиллагаанд татан оруулсан гэх найман иргэнийг олж илрүүлэн нутаг буцаасан гэж ГХЯ мэдээлсэн.
Орос-Украины дайнд оролцсон нэг иргэн нас барсан байна. Мөн нэг иргэн Украины талд олзлогдсон гэх мэдээлэл байгааг ГХЯ-ны төлөөлөл мэдэгдсэн.
Нэг иргэнийг ОХУ-аас нутаг буцаах ажлыг зохион байгуулж байгаа гэж ГХЯ мэдээлсэн. Үүнээс гадна зургаан иргэн байгаа гэх мэдээлэлтэй бөгөөд энэ тоо нэмэгдэх магадлалтайг анхааруулжээ.
Тухайн иргэн ОХУ руу явсан, цаашлаад цэргийн баазад очсон гэх мэдээлэлтэй бол бичиг баримтынх нь хуулбарыг ГХЯ-нд хүргүүлж, албан ёсоор бүртгүүлэх шаардлагатай. Энэ нь иргэдийг олж тогтоон нутаг буцаах ажиллагаанд хэрэгтэй гэж тайлбарласан.
Өнгөрсөн есдүгээр сараас цахим сүлжээнд ОХУ-ын Зэвсэгт хүчинд нэгдэхийг уриалж, 61–108 сая төгрөгийн өндөр цалин амласан зарууд нийтлэгдсэн гэж ЦЕГ мэдээлсэн. Зар сонирхсон иргэдтэй мессежийн сувгаар холбогдон өндөр цалин, хангамж олгоно хэмээн хуурч байжээ.
Энэ төрлийн хоёр гомдлыг бүртгэн шалгаж, ОХУ руу явах гэж байсан гурван иргэнийг явахаас татгалзуулсан. Мөн хуурамч зар түгээсэн цахим есөн хаягийг устгуулсан байна.
Зуучлагчдын мэдээлэлд шууд итгэхгүй, санал болгосон баримт бичгийг сайтар нягтлахыг ГХЯ анхааруулсан. Монгол хэл дээр баримт бичиг үзүүлээгүй бол итгэж гарын үсэг зурахгүй байхыг зөвлөжээ.
Үлдсэн асуулт: 10
Энэ үйл явдлын хүрээнд асуултаа бичнэ үү.