Орон нутаг 85 0

ДАРХАН-УУЛ: "Шинэ хөдөө" хөтөлбөр хэрэгжинэ


Дархан-Уул аймаг 2023 оныг “Бизнесийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд бизнесийн тогтвортой хөгжлийг бий болгох, төрийн дарамтыг арилгах зэрэгт анхаарал хандуулахаа аймгийн засаг дарга мэдэгдсэн. Бизнес нь зөвхөн хотын төвд бус аль газар нутагт ямар ч төрлөөр байх боломжтой аж. Тэгвэл Засгийн газраас 2023 онд “Шинэ хөдөө” хөтөлбөрийг 12 аймагт хэрэгжүүлэхээр үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Үүнтэй уялдуулан Дархан-Уул аймагт “Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх боломж, цаашдын бодлого, чиглэл” сэдэвт орон нутгийн удирдлагууд, мэргэжлийн байгууллага, малчдын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг боллоо. Уг хэлэлцүүлэг Хонгор сумын нутагт байрлах Малын удмын сангийн үндэсний төвд зохион байгуулагдлаа. Монгол Улсын Засгийн газраас Дархан, Сэлэнгийн бүс нутгийг Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс болгон зарласны дагуу төрийн бодлогын хэрэгжилтийг хангах, “Шинэ хөдөө” хөтөлбөрийг үр дүнтэй зохион байгуулахад ХАА-н салбарын төлөөллүүдийн санаа бодлыг сонсох, мэдээлэл өгөх зорилгоор явуулсан аж. “Шинэ хөдөө” хөтөлбөрийг 2023 онд 12 аймаг хэрэгжүүлэх бөгөөд төвийн бүсийн аймгийн нэг нь Дархан-Уул аймаг аж. Тус хөтөлбөр гурван жилийн хугацаанд буюу 2023-2025 онд хэрэгжих бөгөөд нийт 10 тэрбум төгрөгийн санхүүжилттэй ажээ. 2023 оны төсөвт нэг тэрбум төгрөгийг тусгасан байна. Хөтөлбөр нь ХАА-н үйлдвэрлэлд шинжлэх ухааны үндэслэлтэй инновацийг нэвтрүүлж, бүс нутгийн онцлогт тохирсон эдийн засаг, бизнесийн тогтолцоог төр, хувийн хэвшил, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааны үндсэн дээр бий болгож, кластер үйлдвэрлэлүүдийг байгуулах зорилготой ажээ. Урьдчилсан байдлаар дараах зургаан төрлөөр зохион байгуулахаар төлөвлөжээ. 1.Зоорийн аж ахуй 2.Хүлэмжийн аж ахуй 3.Эрчимжсэн мал аж ахуйг дэмжих 4.Хөдөө, аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих 5.Газар тариалангийн услалтыг системийг нэмэгдүүлэх 6. Хөдөө, аж ахуйн төсөл санхүүжүүлэх чиглэлээр зохион байгуулахаар төлөвлөөд байна. Шинэ хөдөө хөтөлбөр хэрэгжснээр малын тоонд бус чанарт анхаарах малчдын тоо нэмэгдэх, цөөн малаас их ашиг шим хүртэх боломжийг нээх юм. Түүнчлэн бэлчээрийн даацын асуудал жил бүр хөндөгддөг. Газар тариалан, мал аж ахуйн зөрчилдөөнийг арилгахад түлхүү анхаарах аж. Дархан-Уул аймагт болсон уг зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, ЁЗСХБХ-ны дарга Б.Баттөмөр, аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат болон ХХААГ-ын дарга, мэргэжилтнүүд, малын удмын сангийн мэргэжилтэн, сумдын засаг дарга, малчдын төлөөлөл оролцлоо.
Мэдээллийг түгээх