Орон нутаг 75 0

ДУНДГОВЬ: Орон нутагт шилжин ирэх бизнес эрхлэгчдэд татварын дэмжлэг үзүүлж, хөнгөлөлт үзүүлнэ


Дундговь : “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймаг, орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих аймгийн дэд ажлын хэсгээс 2023-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан батлууллаа. Тус төлөвлөгөө нь дараах 5 зорилтын хүрээнд хэрэгжүүлэх 29 үйл ажиллагаанаас бүрдэж байна. Үүнд: Зорилт 1. Орон нутагт иргэдийг шилжин суурьшихад дэмжих, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх; Зорилт 2: Иргэд шилжин суурьшихад тулгардаг хүндрэлийг бууруулах; Зорилт 3: Дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, аж ахуйн нэгжийн уялдааг хангах; Зорилт 4: Иргэд, олон нийтийн сэтгэлгээ, хандлагад эерэг нөлөө үзүүлэх; Зорилт 5: Иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх. Дундговь аймгийн хүн амын бүртгэлээс харахад 1990 онд 51324 хүн амтай байсан бөгөөд нэг жилийн хугацаанд даруй 4899-өөр нэмэгдэж, 1991 онд 56223 болж байсан нь хамгийн олон хүн амтай байсан үе юм. Түүнээс хойш 2014 он хүртэл 44207 хүн амтай болтлоо буурч, түүнээс хойш бага багаар өсч, 2021 оны жилийн эцсийн байдлаар 47542 болжээ. Тус төлөвлөгөөний нэгдүгээр зорилтын хүрээнд “Нээлттэй Дундговь хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлэх, 15 сумын Засаг даргын үр дүнгийн гэрээний шалгуур үзүүлэлтэд шилжилт хөдөлгөөний асуудлыг тусган, дүгнэж, урамшуулах, нийслэлд оршин суугаа иргэдэд зориулж аймаг, сум орон нутгийн нээлттэй хаалганы уулзалт, өдөрлөг, оюутан залууст чиглэсэн “Нутгаа зорьё” өдөрлөг зохион байгуулах зэргээр оюутан залуучууд, нийслэлд оршин суугаа иргэдийнхээ сэтгэлийг татах ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн 2023 онд “Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт” зохион байгуулж, орон нутгаа хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах хөрөнгө татахаар төлөвлөгөөнд тусгажээ. Төлөвлөгөөний хоёрдугаар зорилт буюу “Иргэд шилжин суурьшихад тулгамддаг хүндрэлийг бууруулах”-ын тулд шилжин ирэх иргэдэд хэрэгцээтэй хууль, тогтоомжийг сурталчлан таниулах, Улаанбаатар хот болон бусад аймгаас орон нутагт шилжин ирсэн төрийн албан хаагчдын ажиллаж, амьдрах нөхцлийг сайжруулж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт оруулан, “цахим аймаг” шилжилтийг үе шаттайгаар хэрэгжүүлэх, иргэдэд шилжилт хөдөлгөөний бүртгэл хийхэд нь туслах зэрэг ажлуудыг гүйцэтгэх аж. Түүнчлэн шилжин ирж байгаа иргэдийн хүүхдүүдийн боловсролын асуудалд анхаарч, орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанарыг сайжруулах, төрийн захиргааны төв байгууллага, хэрэгжүүлэгч агентлаг, төрийн захиргааны бусад байгууллагаас орон нутагт шаардлагатай дадлага, туршлага, ур чадвартай төрийн албан хаагчийг Улаанбаатар хотоос орон нутагт сэлгэн ажиллуулах бол тэдэнд үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлтийн талаар санал боловсруулахаар болсон байна. Дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, аж ахуйн нэгжийн уялдааг хангах гуравдугаар зорилтын хүрээнд орон нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлж, хөрөнгө оруулалтын орчныг нээлттэй болгох, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулах, бүсчилсэн хөгжлийн бодлого, орон нутгийн түүхий эдийн нөөц, байгалийн баялагт тулгуурлан хөрөнгө оруулалт татах ажлыг эрчимжүүлэх, Хүнсний хангамж-Аюулгүй байдлыг хангах аяны хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэхдээ шилжин ирсэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг хамруулах асуудлуудыг тусгалаа. Мөн газрын харилцааны нээлттэй тогтолцоог бий болгох, газар олгох асуудлыг нээлттэй мэдээлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих санхүүгийн механизмыг нэмэгдүүлэх, шилжин ирж, тогтвор суурьшилтай амьдрах өрхийг 3 хувийн ипотекийн зээлд хамруулах, орон нутагт шинээр салбараа нээж, ажлын байр нэмэгдүүлэх аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулж, үл хөдлөх хөрөнгийн татварыг багаар тогтоон дэмжлэг үзүүлэх, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд татварын дэмжлэг үзүүлж, хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах зэрэг дэмжлэг үзүүлнэ. Хэрэв тус аймагт шилжин ирж, мал маллах, хөдөө аж ахуйн салбарт ажиллах бол тэдэн рүү Хөдөө аж ахуйг дэмжсэн хөтөлбөрүүдээ чиглүүлэхээр төлөвлөсөн байна. Иргэд, олон нийтийн сэтгэлгээ, хандлагад эерэг нөлөө үзүүлэх дөрөвдүгээр зорилтын хүрээнд иргэдийн хандлагыг өөрчлөх, сэтгэлийг татах мэдээ, нэвтрүүлэг, сурталчилгааг түлхүү явуулахаар төлөвлөж байгаа бол Иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх тавдугаар зорилтын хүрээнд төрийн зарим чиг үүргийг ИНБ-аар гүйцэтгүүлэх, Улаанбаатар дахь аймаг, сумын Нутгийн зөвлөлд мэдээлэл өгөх, төлөөлөгч ажилуулах, ИНБ-уудыг чадавхжуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх аж. Өнгөрсөн сард Дундговь аймгийн Мандалговь хотноо болсон “Тогтвортой хөгжил, шинэ сэргэлтийн бодлого-Дундговь” хэлэлцүүлгийн үеэр “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг орон нутагт эрчимжүүлэх нь, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын төсөл, “Палеонтологийн нөөцөд тулгуурлан амралт судалгаа, аяллын цогцолборыг Дундговь аймагт байгуулах боломж”, “Хунгарласан элс, хаягдал цаас, агаарын бохирдлыг бууруулах” болон “Гипс хавтан болон шохойн блокны үйлдвэр байгуулах”, “Малчдын хөгжлийн парк” байгуулах зэрэг төслүүдийг тус тус танилцуулж цаашдын төлөвлөлт, үйл ажиллагааны талаар хэлэлцсэн юм. Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Дундговь аймгийн хөгжлийг хурдасгах, цаашлаад шилжин ирэх иргэдийн урсгалыг нэмэгдүүлэхийн тулд хүний хөгжлийг дэмжсэн шат дараалсан үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж буйг дурдаад өв соёл, өвөрмөц тогтоцтой газар нутгийг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар зөв боловсруулах шат дамжлагыг бий болгож нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргах, түүнчлэн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, орон нутгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн ажлын байр бий болох талаар танилцуулжээ.
Мэдээллийг түгээх