Орон нутаг 124 0

ТӨВ: Жендэр хариуцсан мэргэжилтний орон тоог шинээр бий болгожээ


Төв :Жендэрийн тэгш байдлыг хангах мэргэжилтэн, манлайлагчдын V дугаар чуулган Улаанбаатар хотод болж байна. Тус чуулган нь 2022 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүн болон гишүүдийн жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр байгууллагадаа хэрэгжүүлсэн шинэлэг санаачилгын талаар мэдээлэл солилцох, 2023 онд хамтарч хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа төлөвлөх зорилготой юм. Уг чуулганыг Төв аймаг, Канад улсын Засгийн газрын Merit төсөлтэй хамтран зохион байгуулж байна. Чуулганд яам, агентлагийн албан хаагчид, Төв, Дорнод, Дундговь, Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдын төлөөлөл, нийт 50 орчим хүн оролцож байна. Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар чуулганыг нээж хэлсэн үгэндээ: “Миний хувьд аймгийнхаа Жендэрийн салбар хороог ахлан ажиллаж байна. Ингэхдээ жендэрийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх, жендэрийн тэгш байдлыг хангах, нийгмийн үр шимээс эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш хүртэх боломж нөхцөлийг бүрдүүлэх, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг бүх түвшинд нэвтрүүлэхэд анхааран ажиллаж байна. Мерит төслийн үр дүн их. Жендэрийн тэгш байдлыг хангахад мэргэжил арга зүйн болоод техникийн туслалцаа дэмжлэгийг тогтвортой, тасралтгүйгээр байнга үзүүлж байгаа нь төсөлд хамрагддаг аймгууд, төвийн бүсийн байгууллагуудын үйл ажиллагаа, манлайллаас харж болохоор байна” хэмээн онцолсон юм. Төв аймаг “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах орон нутгийн хөтөлбөр”-ийг 2018-2021 онд амжилттай хэрэгжүүлж, бусад аймгаас анх удаа жендэр хариуцсан мэргэжилтний орон тоог шинээр бий болгож, аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцэд оруулсан байна. Түүнчлэн энэ онд Төв аймгийн төрийн албан хаагч, байгууллагын удирдлагууд “Жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт, төсөвлөлт” сургалтад хамрагдаж, салбар бүрийн онцлогийг тусгасан, жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт, төсөвлөлтийг харуулсан бичил төслүүдийг хэрэгжүүлсэн. Үүнд 12 төсөл хэрэгжсэнээс 9 төсөл нь 0 төгрөгийн дүнтэй төсөл хэрэгжсэн байна. Эдгээрээс аймаг орон нутагт батлагдах төсөвт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, төсөвт суулгах хүсэлтийн дагуу хийж хэрэгжүүлж буй ажлуудад дүн шинжилгээ хийх, Эрдэнэ сумын малчны ангид эмэгтэйчүүдийг сургах байдлыг нэмэгдүүлэх, Лүн суманд морин хуур хөгжмийг охидод зааж үндэсний хөгжмийн зэмсгийг суралцах байдлыг тэгш болгох гэх мэт бичил төслүүд хэрэгжсэн байна.
Мэдээллийг түгээх