Ерөнхий сайд 361 0

Л.Оюун-Эрдэнэ: Автозамын түгжрэл цогц асуудал тул аль нэг салбарт хариуцуулж болохгүй


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн болон ажлын зохион байгуулалттай холбогдох хуулийн зохицуулалтыг нийцүүлэх хууль зүйн шаардлага үүссэн. “Алсын хараа-2050” хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг, Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан хилийн боомтын болон нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах асуудал, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, үндэсний болон мэргэжлийн спортыг дэмжих асуудлын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хангах эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг шинээр бий болгох зайлшгүй нөхцөл байдал тулгараад байна. Энэ хэрэгцээ шаардлагыг харгалзан Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсан юм. Засгийн газар нь бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн дөрөв, чиглэлийн 12 яамтай байхаар төлөвлөжээ. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, “Гадаад, дотоод нөхцөл байдлаас шалтгаалаад боомтын асуудал хүндрээд байна. Сангийн яам энэ асуудалд анхаарч чадахгүй. ГХЯ зөвхөн дипломат талаас нь ханддаг. Тэгэхээр боомтын асуудал хариуцах хүн худалдааны салбарт анхаарах ёстой” хэмээв. Түүнчлэн нийслэлийн автозамын түгжрэлийн асуудлыг шийдэхдээ гэр хорооллын дэд бүтэцтэй уялдуулах ёстой гэсэн юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Нийслэлийн түгжрэлийг одоо шийдэхгүй бол 10 жилийн дараа маш хүндрэлтэй байдалд орно. Тиймээс ирэх оны төсвөөс эхлээд тодорхой ажлуудыг тусгаад явна. Тиймээс нийслэлийг Засгийн газартай уях хүн зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Автозамын түгжрэл бол нийгэм, эдийн засаг, дэд бүтэц гээд цогц асуудал. Аль нэг салбарт хариуцуулж болохгүй учраас сайдтай байхаар оруулж ирж байгаа юм” хэмээв. Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан түр завсарлав. Одоо УИХ-ын чуулган хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо анхны хэлэлцүүлгийг хийхээр товлоод байна.
Мэдээллийг түгээх