Орон нутаг 69 0

"Нүүдэлчин Монгол-2022" фестиваль тэгш хүртээмжийг нэмэгдүүлэв


"Нүүдэлчин Монгол-2022" дэлхийн соёлын фестиваль энэ сарын 12-14-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Сайханы Саравч хэмээх хөндийд Монгол нутгийн өнцөг булан бүрээс соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид үзэгч түмэн хуран чууллаа. Тус наадамд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийг хамруулах, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөл, Соёл, урлагийн менежер залуучуудын хөгжлийн зөвлөл санаачлан хэрэгжүүлж 3 өдрийн турш нийт 200 гаруй иргэнийг автобус унаа, хөтөч тайлбарлагч, дохионы хэлмэрчтэй хамруулав. Хөтөлбөрт сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийн нийслэлийн 29 дүгээр тусгай дунд сургууль, оюун ухаан, аутизм, дауны бэрхшээлтэй хүүхдийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн ерөнхий эрдэм болон хөдөлмөр заслын сургалттай нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар дунд сургуулийн сурагчид, Дархан-Найрамдал ТББ, Түгээмэл хөгжил ТББ, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр сургалтын үндэсний төв, Гэрэлт-Ундарга хэвлэл ТББ, Монголын дүлий иргэдийн соёл, урлагийн холбоо, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Монголын дауны холбоо, Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо, Сэргээн засалтын үндэсний төв, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоодоор дамжуулан мэдээллийг түгээлээ. Фестивалийн үеэр үзэсгэлэн худалдаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулж, тэдгээр иргэд өөрсдийн хийсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн гар урлалын бүтээлүүдээ зарж борлуулав. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэд, уран бүтээлчидтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн, "Судалбар" хамтлаг болон бусад уран бүтээлчдийн төлөөллөөр Монгол язгуур урлагийн тоглолт хийж, контент бүтээн, тун удахгүй олны хүртээл болгох аж.
Мэдээллийг түгээх