Нийслэл 1132 5

Б.Насанбаяр: Э.Цэрэндолгорын надад учруулсан хохирлыг тоочоод баршгүй


Өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам /БСШУЯ/-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга асан Б.Насанбаяр фэйсбүүк хуудастаа “Олон нийтийг төөрөгдүүлсэн гүтгэлэг, мэдээлэл нь үндэслэлгүй гэдгийг бага, дунд боловсролын хөтөлбөр боловсруулж, сурах бичгийг зохиодог эрдэмтэд, хөтөлбөр сурах бичгийг хэрэгжүүлж буй ЕБС-ийн багш нарын төлөөлөл болсон 90 гаруй эрдэмтэн, багш нар 2016 оны 03 сарын 15-18 ны өдрүүдэд 4 удаагийн хэвлэлийн бага хурал хийж, “Монголын боловсролын салбарт Мүүний шашны нөлөө ороогүй, орох боломжгүй” гэдгийг нотолсон” хэмээн бичжээ.

Мөн тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбарын хэсгээсээ олон нийтэд ил болгосон байна. Б.Насанбаяр нэхэмжлэлдээ “Хариуцагч Э.Цэрэндолгорын зүгээс намайг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр гутаан доромжилж, гүтгэхэд би хүлээцтэй хандаж болох боловч Монголын Боловсролын салбар, боловсролын бодлого, боловсролын системд ажиллаж байгаа багш, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, төрийн ажилтан албан хаагчид, тэдний хийж бүтээсэн ажлыг мушгин гуйвуулж, гүтгэн доромжлохыг миний бие дуугүй хараад сууж чадахгүй.

Хариуцагч Э.Цэрэндолгорын надад учруулсан хохирлыг тоочоод баршгүй бөгөөд миний нэр төр сэргэх нь Монгол Улсын боловсролын салбарын нэр төр, Монгол төрийн албан хаагчдын нэр тэр, аав ээж, ахан дүүс, хань үр хүүхэд, хамт олны минь нэр төр дахин сэргэх цаг хугацаа гэж би үзэх болно.

Хамгийн гол нь “Монголын боловсролын салбарын стратеги, бодлого, төлөвлөлтийн газрыг удирдагч Б.Насанбаяр бол Мүүнийн гэх тодотголтой гаж урсгалын хамгийн том төлөөлөгч, ном сурах бичигт нь Мүүнийн нөлөө орсон” гэх энэхүү ор үндэслэлгүй, аюултай гүтгэлэг нь энэ салбарт төдийгүй нийгэмд, улс орон даяар хор хөнөөл, айдас, хардалт, хэлмэгдүүлэлтийг авчирсан явдал юм.

Нэхэмжлэгч Б.Насанбаяр миний амьдралд тус гүтгэлэг гарсан цагаасаа эхлэн арилшгүй хар толбо, ул мөр, зовлон бэрхшээлээ үлдээсээр ирсэн. Хариуцагч Э.Цэрэндолгор нь миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаах зорилгоор, санаатайгаар миний чиг үүрэгт хамааралгүй олон асуудлуудыг надтай хамаатуулж, хэт туйлширч нийгмийг айдаст автуулах хэмжээний бодит үнэнд нийцээгүй гүжирдлэгүүдийг тараасан” гэжээ. Мөн тэрбээр өөртөө нь хамт зураг авахуулсныхаа төлөө доромжлуулсан шавь нар болон бусад хүмүүсийг өргөдөл гаргах нь нээлттэй байгаа гэдгийг дуулгасан байна. 

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Эх сур:medee.mn

Мэдээллийг түгээх