Гадаад мэдээ 68 0

Судлаачид коронавирусний олон мутацитай шинэ хувилбарын талаар анхааруулжээ


Их Британийн судлаачид Ботсванад анх илэрсэн гэж үзэж буй “COVID-19”-ийн шинэ хувилбарын талаар олон нийтэд анхааруулжээ. Энэ нь одоогоор илэрсэн хамгийн олон мутацитай хувилбарт тооцогдож байна. “Ню” хэмээн нэрлэгдэх төлөвтэй байгаа энэ хувилбараар халдварласан нийт 10 тохиолдол одоогоор бүртгэгдээд байгаа ч хэдийнээ гурван оронд илрээд байгаа тул өргөн хүргээг хамран тархаж болзошгүйд мэргэжилтнүүд санаа зовниж байна. Шинжлэх ухаанд “B.1.1.529” хэмээн нэрлээд буй уг хувилбар нь 32 мутацитай тул халдварлах чадвар өндөр, мөн вакцинд тэсвэртэй байж болзошгүй аж. Лондоны их сургуулийн коллежийн генетикч, профессор Франсуа Баллугийн ярьснаар, уг хувилбар нь дархлаа нь дарангуйлагдсан, эсвэл ДОХ-той болох нь хараахан оношлогдоогүй хүнд удаан үргэлжилсэн халдварын улмаас үүссэн байж магадгүй байна. Мөн вирусний өргөс уураг өөрчлөгдсөн нь одоогийн вакцинуудын үйлчлэлд сөргөөр нөлөөлж магадгүй бөгөөд үүний учир нь вакцинууд дархлааны тогтолцоонд өргөс уургийн хуучин байдлыг таниулсантай холбоотой байна. Хааны коллежийн вирус судлаач, доктор Том Пикокийн хувьд уг хувилбарын мутациудын хослолыг “аймшигтай” хэмээн тодорхойлоод, одоогоор дэлхийн хэмжээнд давамгайлан тархаж буй “Дельта” зэрэг бусад хувилбаруудтай харьцуулахад маш аюултай байж болзошгүй гэжээ. “B.1.1.529” хувилбараар халдварласан нийт тохиолдлын гурав нь Ботсванад, зургаа нь Өмнөд Африкт, нэг нь Африк тивээс ирсэн Хонконгийн оршин суугчаас илэрчээ. Одоогоор Их Британид ийм хувилбарын тохиолдол илрээгүй байгаа ч тус улсын Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг нөхцөл байдлыг нягт ажиглаж байгаа ажээ.
Мэдээллийг түгээх