Номын ертөнц 76 0

Монголын нууц товчоог гадаадын 30 гаруй хэлээр орчуулсан байна


“Чингис хааны өв, соёл” I, II, III боть, Монголын нууц товчоог гадаадын 30 гаруй хэлээр орчуулсан үзэсгэлэнг олон нийтэд дэлгэлээ. Чингис хаан өв соёлын хүрээлэн нь анх 2019 оны 9 дүгээр сарын 9-нд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд анх Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 142 дугаар тогтоолоор байгуулагдан Соёлын яамны харьяанд ажиллаж байна. Чингис хаан өв соёлын хүрээлэн захирал, доктор Н.Саруул хэлэхдээ, “Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Чингис хааны өв, соёл” боть I, II, III цуврал бүтээлийн нээлт, “Монголын нууц товчоон” ном хэвлэлийн үзэсгэлэн өнөөдөр “Norphei art” үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр нээлтээ хийж байна. Өнөөдрийн энэхүү үйл ажиллагаа нь Монголын Үндэсний номын сан болон Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Чингис хаан болон Монголын Эзэнт Гүрний үед хамаарах ховор нандин түүхийн сурвалжийг судалгааны эргэлтэд оруулах зорилгоор “Чингис хааны өв, соёл” I, II, III ботид багтааснаараа онцлог юм. Эхний боть 2020 онд, сүүлийн хоёр боть энэ онд хэвлэлтэд орсон бөгөөд цаашид энэхүү судалгааны ажлыг улам гүнзгийрүүлж, цуврал бүтээлүүдээ үргэлжлүүлэн хэвлэнэ” гэлээ. Тус хүрээлэн нь Чингис хаан судлалыг Монгол судлалын нэгэн чиглэл болгон хөгжүүлэх, Чингис хаан түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол болон дэлхийн түүхэнд Чингис хааны гүйцэтгэсэн үүргийг алдаршуулах, Чингис хааны өв, соёлын баримт мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, Монголын Эзэнт гүрний өв, соёлыг гадаадын орнуудад түгээн дэлгэрүүлхэд чиглэсэн нэгдсэн бодлого хөтөлбөр боловсруулах, Чингис хаантай холбоотой ёслол, хүндэтгэл, нэр нэршлийг нийгмийн харилцаанд хэрэглэх хэм хэмжээ тогтоох, эрх зүйн орчныг бүрдүүлэх суурь судалгаа хийх зорилготой аж. Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн судлаачид бие даасан болон хамтарсан арав орчим судалгааны бүтээл эрхлэн хэвлүүлж, олон нийтийн хүртээл болгоод байна. Мөн өнөөдөр Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн зөвлөх, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн тэргүүлэх эрдэм шинжилгээний ажилтан, доктор, Монгол Улсын Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн Э.Пүрэвжавтай хамтран өдгөө Монголын нууц товчоог гадаадын 30 гаруй хэлээр орчуулан хэвлүүлснийг тус үзэсгэлэнгээр олон нийтэд дэлгэн үзүүлж байна.
Мэдээллийг түгээх