Гадаад мэдээ 71 0

А.Меркель, В.Путин нар утсаар ярьжээ


Германы канцлер Ангела Меркель лхагва гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, эрчим хүчний асуудлууд тэр дундаа “Умардын урсгал-2” хийх дамжуулах хоолой, Украинаар хий дамжуулах асуудлуудыг хэлэлцжээ. Энэ тухай ХБНГУ-ын Засгийн газрын төлөөлөгч Ульрике Деммер мэдэгдэв. “Утсаар ярих үеэрээ талууд Украины зүүн хэсэгт мөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах асуудлаарх Минскийн хэлэлцээрийн хэрэгжилтийг хэлэлцжээ. Үүнээс гадна Украинаар хий дамжуулах болон “Умардын урсгал-2” хийх дамжуулах хоолой зэрэг эрчим хүчний асуудлууд ярианы гол сэдэв боллоо” гэж тэрбээр цохон тэмдэглэв. “Умардын урсгал-2”-н асуудлаар АНУ, Герман тохиролцоонд хүрсэн тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын улс төрийн хэрэг эрхэлсэн орлогч дарга Виктория Нуланд өмнө нь мэдэгджээ. ОХУ Украинд чиглэсэн түрэмгий хандлага гаргасан тохиолдолд Москвагийн эсрэг авах Европын хориг арга хэмжээг боловсруулахад шахалт үзүүлэх үүргийг Герман хүлээлээ гэж тэрбээр мөн мэдэгдсэн байна. Түүнчлэн “Умардын урсгал-2”-н асуудлаарх АНУ-тай байгуулсан гэрээний хүрээнд Орос, Украин хоорондын 2024 онд хэрэгжиж дуусах хий дамжуулах тухай хэлэлцээрийг сунгахыг дэмжихээ Герман зөвшөөрчээ.
Мэдээллийг түгээх