Орон нутаг 141 0

Наран даац


Өмнөговь аймгийн үзэсгэлэнт газруудын тоонд зүй ёсоор ордог газрын нэг нь Наран даац юм. Говийн ердийн л толгодын адил толгойн бараг орой дээр шахуу дороосоо ундаргатай цэнгэг устай булаг оргилон байдаг. Булгийн ундаргын хурд 5 л секунд хүрнэ. Гурвантэс сумын нутагт, сумын төвөөс баруун хойш 96 км, аймгийн төвөөс баруун тийш 400 орчим км зайд орших ундны цэвэр усны гол нөөц газар. Энэ нь говийн нөхцөлд томоохон үзүүлэлт болдог. Булгийн эргэн тойронд Сибирь хармаг, улаан гоёо, бажууна буюу намхан гишүүнэ, хулангийн ундаа, аргалийн ундаа буюу Потанины хотирийн гялгар дэрс, ширэг зэрэг ургамалтай. Наран даацаас чанх хойш 30 орчим км зайд Алтан уул харагдана. Алтан уулын өвөр хонгилууд нь үлэг гүрвэлийн олдвор бүхий нутаг бөгөөд Наран даац, Алтан уулын орчин нь Улсын тусгай хамгаалалттай газрын орчны бүсэд хамаардаг. Наран даацаас баруун тийш Хэрмэн цав, Зуун мод Зулганай, Шаригийн ганга, Тосон бумбын нуруу байдаг. Наран даацын эргэн тойрон дахь цав, цонжуудад элдэв төрлийн үлэг гүрвэл, эртний амьтан ургамлын үлдэгдэл өнөөг хүртэл байсаар түүнийг судалсаар байгаа юм.
Мэдээллийг түгээх