Хөдөө аж ахуй 92 0

Я.Өлгийсайхан: Сүүлийн 16 жил 1000-аас дээш толгой мал тоолуулсан


Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн малчин Я.Өлгийсайхан, гэргий Ц.Ганчимэг нар 1991 онд гэр бүл болсноор 30 орчим жил мал маллаж байна. Малчин Я.Өлгийсайханы гэр бүл 2005 онд “Сумын аварга малчин”, 2009 онд “Аймгийн аварга малчин”, 2017 онд “Аймгийн хошой аварга малчин”-аар шалгарч байжээ. Тэгвэл энэ жил “Монгол Улсын аварга малчин өрх”-өөр шалгарч, саяхан Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиас шагналаа гардан авлаа. Тэд 2005 оноос эхлэн 1000-аас дээш тоо толгой мал тоолуулж, малынхаа чанарт анхаарч иржээ. Улмаар залуу малчдад мал маллах арга туршлагаасаа хуваалцаж, өвөл, хаврын улиралд туслах малчин ажиллуулж байна. Ийнхүү мал сүргээ таван төрөл дээр нь өсгөхийн зэрэгцээ 4-5 малчныг 120-300 хүртэлх толгой малаар малжуулжээ. Үүнээс гадна Дорнод аймгийн “үзэмчин хуц”, Увс аймгийн Өлгий сумын “улаан ухна”, Төв аймгийн Эрдэнэ сумаас азарга авч, малынхаа үүлдэр угсааг сайжруулж яваа туршлагатай малчдын нэг юм. Би сургуулиа төгсөөд л эцэг эхтэйгээ мал малласан. Аав минь “малчин хүн алдаж болно, алдсанаа давтаж болохгүй. Тэвчээртэй байгаарай” гэж захидаг байсан хэмээн Я.Өлгийсайхан хэллээ. Тэрбээр багийнхаа гурав дахь “Монгол Улсын аварга малчин”-аар тодорч байгаагаараа онцлогтой. Эрдэнэбүрэн сумын Баянгол баг ийнхүү 12 жилийн дараа Улсын аварга малчинтай боллоо.
Мэдээллийг түгээх