УИХ 103 0

С.Энхболд: 12-15 насны хүүхдүүдийг ирэх долоо хоногоос эхлүүлэхээр төлөвлөж байна


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "КОВИД-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлийг хэлэлцэхийг дэмжив. Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хямралт нөхцөлийн түвшинд хүргэх эрсдэлтэй байна. Иймд коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхийг хангахад чиглэсэн холбогдох шийдвэрүүдийг шуурхай гаргаж, зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх, төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, хадварын тандалт судалгаа, илрүүлгийг эрчимжүүлж, тасралтгүй зохион байгуулах шаардлага тулгараад байгаа юм. Мөн ашигт малтмал, газрын тосны экспорт, худалдааны эргэлтийг нэмэх зорилгоор хилийн боомтын хяналт, хил орчмын тээврийг нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байгуулах, хуулийн үйлчлэх хугацааг сунгах үүднээс уг хуулийн төслийг боловсруулсныг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулсан юм. Түүнчлэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиар Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг 40 тэрбум төгрөг байхаар баталсан ч 2021 оны зургаадугаар сарын 15-ны байдлаар зарцуулах дүн 52.4 тэрбум төгрөгт хүрээд байгаа нь цаашид цар тахлын улмаас урьдчилан тооцох боломжгүй байдал үүссэн тохиолдолд санхүүгийн хүндрэл үүсэхээр байгаа. Үүний зэгрэгцээ Эрүүл мэндийн даатгалын сангийн гүйцэтгэл хангалтгүй байгааг шуурхай шийдвэрлэх зорилгоор уг сангаас захиран зарцуулах эрхийг Засгийн газарт олгох шаардлагатай хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан талаар дурдав. Эрүүл мэндийн сайд С.Энхболд, "Жирэмсэн болон хөхүүл эхчүүд, 16-17 насны хүүхдүүдийг вакцинжуулах ажил эхэлсэн.Одоогоор 860 хөхүүл эмэгтэй, 16-17 насны 10294 хүүхдэд Файзер вакцин хийгээд байгаа. 12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах ажлыг ирэх долоо хоногоос эхлүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаа" гэлээ. Ийнхүү санал хураахад уралдаанд оролцсон гишүүдийн 88.2 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Мэдээллийг түгээх