Шар мэдээ 1305 0

Тяньжин боомтоос чингэлгийн 4 галт тэрэг Замын-Үүд өртөөнд ирээд байна


БНХАУ-ын Тяньжин боомтоос импортын барааны чингэлгийн 4 галт тэрэг энэ сарын 9-10-нд Замын-Үүд өртөөнд ирээд байна. БНХАУ-ын Тяньжин боомтод 3162 чингэлэг саатаж, бөөгнөрөл үүсээд байгаа юм. Энэ байдлыг яаралтай шийдэх талаар Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос тавьсан хүсэлтийн мөрөөр ГХЯ, ЗТХЯ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, “Улаанбаатар төмөр зам” ХНН болон холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээ авч ажилласнаар тодорхой үр дүн гарч ийнхүү бөөгнөрсөн чингэлгүүдийг төмөр замаар тээвэрлэж байна. Өнөөдрийн байдлаар дахин 6 галт тэрэг Эрээн өртөөг чиглэн замд явж байгаа талаар БНХАУ-ын талын төмөр замын байгууллагаас мэдээлжээ. Хоёр талын төмөр замын байгууллагын тохирсон хуваарийн дагуу хэвийн горимоор өдөр бүр нэг галт тэрэг хүлээж авдаг байсан юм. Монгол Улсын тал чингэлгийн бөөгнөрлийг шийдэх талаар БНХАУ-ын ГХЯ, “Хятадын Төмөр замын групп”-д тавьснаар Хятадын тал боомтод хуримтлагдсан чингэлгийг яаралтай горимоор тээвэрлэхээр шийдвэрлэж, ийнхүү галт тэрэгний тоог нэмэгдүүлээд байна. БНХАУ болон гадаад худалдааны бусад улс оронд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ шат дараатай буурч, мөн эдийн засгийн идэвхжилтэй холбоотойгоор далайн тээвэр нэмэгдэж байна. Үүний улмаас боомтууд дээр тодорхой ачаалал үүсээд байна. Монгол Улс, БНХАУ-ын төмөр замын байгууллагууд харилцан тохиролцсон хуваарийн дагуу төмөр замын тээвэр хэвийн явж байна. Хоёр талын төмөр замын байгууллагууд оны эхэнд экспорт, импорт, транзит ачааны хэмжээг тохирч протокол байгуулдаг. Үүний дагуу галт тэрэгний хуваарь гаргаж, тээвэр зохион байгуулалтыг хийдэг. Ингэхдээ импортын ачааны хэмжээнд ямар нэгэн хязгаарлалт тогтоодоггүй. Мөн транзит ачааны хэмжээг жилээр тохирч, сард хүлээж авах транзит галт тэрэгний тоог зохистой хэмжээнд явуулдаг байна. ААН, байгууллагууд, тээвэр зуучлагчид чингэлэг ачааны хэмжээнд гарах өөрчлөлтийг төмөр замын тээврийн төлөвлөлтөд тусгах, холбогдох талуудын хооронд мэдээлэл солилцоо, уялдаа холбоог сайжруулахад анхаарах шаардлага бол байгаа юм гэж ЗТХЯ-наас мэдээллээ.
Мэдээллийг түгээх