Гадаад мэдээ 185 0

Эрэгтэй багш нар гадуурхалд өртсөн сурагчаа өмөөрөн ангидаа банзал өмсжээ


Испанийн сургуулийн эрэгтэй багш нар банзал өмсөж ирснийхээ төлөө хөөгдсөн сурагчийг өмөөрөх хөдөлгөөнд нэгдэж, ангидаа хичээл заахдаа банзал өмсжээ. Энэ нь Европын орнуудад тогтсон жендэрийн хэвшмэл ойлголтыг зогсоох зорилготой “Clothes Have No Gender” хөдөлгөөний нэг хэсэг байсан аж. Учрыг тайлбарлавал тус бага сургуулийн эрэгтэй сурагч ангидаа анимэ дүрийн зурагтай цамц өмсөж иржээ. Үүнийг харсан сургуулийнх нь зарим хүүхэд түүнийг дээрэлхэж хараан хувцсыг нь хүчээр тайлсан байна. “Clothes Have No Gender” хөдөлгөөн өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлч, арваннэгдүгээр сарын эхээр оргил үедээ хүрч, олон мянган хүнийг нэгтгэж чадсан юм. Тэгвэл уг хөдөлгөөний үргэлжлэл ахин хүчээ авч, эрэгтэй багш нарын төлөөллүүд эсэргүүцлийн арга хэмжээнд нэгдэх болсноо зарлах болов. Улмаар жендэрийн хэвшмэл ойлголтыг эсэргүүцсэн агуулга цахим болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүрч, хүмүүсийн анхаарлыг татах болсон байна. Өнгөрсөн сарын эхээр 37 настай Мануэль Ортега, 36 настай Борха Веласкес нар өөрсдийн ажилладаг Валладолид хотын “Вирген де Сакедон” бага сургуульд нэгнээ гадуурхаж дээрэлхсэн явдлыг эсэргүүцэн банзал өмсөж сургуульдаа иржээ. Нэгнийгээ өмсөж, зүүснээр нь ялгаварлах байдлыг эсэргүүцэхээр эрэгтэй багш нар банзал өмсөж ирэн, эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэд El Pais сонинд өгсөн ярилцлагадаа “Бид үг өвтгөдөг гэдгийг сурагчдадаа ойлгуулахыг хүссэн. Мөн өөрчлөлт хэрэгтэй байгааг харуулахыг зорьсон. Хөвгүүд гал тогоонд хоол хийх, үсээ урт ургуулах нь хэвийн зүйл. Охид үсээ халимаг болгож хөлбөмбөг тоглох нь байдаг л үзэгдэл байх ёстой” хэмээжээ. Эх сурвалж: BP
Мэдээллийг түгээх