Аж үйлдвэр 540 0

Жинхэнэ бай нь ХЭН БЭ!


Иргэн Б.Сүндэръяа шүгэл үлээж, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын тухай мэдээлэл цацаад зогсохгүй шүүхэд өгсөн нь сошиалд бүүм тарьж, Монголын улс төрийг доргиож мэдэхээр болов. Б.Сүнээгийн цацсан мэдээллийн араас ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн гэх олон бүсгүй түүн рүү чат бичжээ. Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн охид, бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах “me too” хөдөлгөөн давалгаалж, Ардын намаас шударга ёс нэхэцгээж байна. Хэргийг хууль шүүхийнхэн үнэн зөвөөр олж тогтооно гэж найдъя. Хэрэгт хэн нэгэн мөнгөтэй, нөлөөтэй эрхэм хөндлөнгөөс битгий нөлөөлөөсэй гэж хүсье. Ц.Анандбазар бусдыг дарамталж, заналхийлсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой. Харин энэхүү үйл явдлын ард дахь жинхэнэ бай нь хэн бэ! НЭГ. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас намын дарга У.Хүрэлсүх нэр дэвших нь тодорхой болсон. Түүний эсрэг АН-аас нэр дэвшихаар Х.Баттулга байдаг бүх боломжийг хайж байна. Хамгийн сүүлчийн горьдлого нь Үндсэн хуулийн цэц болсон. Өнөөдөр ҮХЦ-ийн гадна жагсаал зохион байгуулсан нь Үндсэн хуулийн төлөө биш өөрийнхөө эрх ашгийн төлөө юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ялсан ч, ялагдсан нь У.Хүрэлсүх намын дарга тамгаа хэн нэгэнд шилжүүлэх нь ойлгомжтой болсон. Ялбал Төрийн ордны 3 давхарын зүүн жигүүрт тухлана. Ялагдвал намын тамгаа өгөөд УИХ-ын сул гишүүн болно. Ямба, ял хоёроо зэрэг үүрээд У.Хүрэлсүх том тулаанд орж байна гэсэн үг. Аль ч ч тохиолдолд У.Хүрэлсүх намын даргаа өгөх нь тодорхой учраас түүний суудлын төлөөх “дажин” Ардын намын пентхауст өрнөж байна. Иргэн Б.Сүндэръяа Ц.Анандбазарыг нэрлэхээсээ өмнө эхлээд нүүр номдоо ганцхан хүнийг заасан нь УИХ-ын дарга Г.Занданшатар байв. Г.Занданшатар Ц.Анандбазарыг УИХ-д орж ирсэн гэж уг мэдээлэлд дурдагдсан. Тэгэхээр Ц.Анандбазарыг онилох замаар Г.Занданшатарыг замаасаа зайлуулах хүсэл Ардын намын дараагийн дарга болох горилогчдын дунд байна гэсэн үг. Товчхондоо, Г.Занданшатар дайсныг холоос биш хажуугаасаа хайх хэрэгтэй. Ил байгаа дайснаас далд байгаа нөхөр илүү аюултай болохыг улс төрд насаараа явсан Г.Занданшатар мэдэхгүй явна гэж байхгүй. У.Хүрэлсүхийн залгамжлагчаар тодрох амбиц Г.Занданшатар, Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Т.Аюурсайхан нарт бүгдэд нь бий. Бүр Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарт байхыг ч үгүйсгэхгүй. Дур эзнээ голохгүй гэдэг. Намын дарга болох нь дараагийн Ерөнхий сайдаар автоматаар томилогдоно гэсэн үг. Ердөө хоёр сарын дараагаас МАН-ын дарга болоод Монголын 34 дэх Ерөнхий сайдын төлөөх том зодоонд Тусгаар тогтнолын ордныхон татагдан орно. МАН-ын тогоо хагарч мэднэ. ХОЁР. Ц.Анандбазарын дуулиан дэгдэхтэй зэрэгцээд Ерөнхийлөгчийн талынхан “амаа жимийсэн” нь учиртай. З.Энхболд, Ц.Анандбазар хоёр нэг зоосны хоёр тал болохыг улс төрийн хүрээнийхэн андахгүй. З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох нь Ц.Анандбазарын “Сод Монгол Газ” компанид хувь эзэмшдэг. Бас нэгэн МАНАН гэсэн үг. Өөр хүн байсан бол өдийд З.Энхболд өөрөө сэвээд, шүүмжлээд сууж байх байлаа. Даанч, газар дээрх "гал хам" нь ажлын байрны бэлгийн дарамт учруулагч байж таарав. Ц.Анандбазарын олсны үзүүрийг хөөвөл үзүүрт нь У.Хүрэлсүх биш З.Энхболд байх магадлал өндөр. Тэгээд ч саяхан Ц.Тувааны АН-ын шинэ дарга О.Цогтгэрэл З.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших боломжтой хувилбаруудын нэгээр нэрлэсэн нь санаадгүй алдсан үг биш. Түүнийг АН-ын шинэ дарга болгох сунгааг З.Энхболд найруулсан. Дотоодын сонгуулийг хариусан И.Мөнхжаргал нь З.Энхболдын хүн. Товчхондоо, Х.Баттулгын дахин нэр дэвших боломжийг нь Үндсэн хуулиар хязгаарлахад багагүй үүрэг гүйцэтгэсэн З.Энхболд өөрийгөө дараагийн Ерөнхийлөгчөөр зүүдлэж байж мэднэ. Үндсэн хуулийн цэц УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч Д.Үүрцайх нарын гаргасан гомдлыг хүлээж авбал Х.Баттулга бай ч үгүй, банз ч үгүй хоцорно гэсэн үг. Эсрэгээрээ З.Энхболдод боломж гарч ирнэ. ГУРАВ. Танил технологи давтагдаж байна. Овоог нь босгоогүй бол шагшрах шаазгай хаанаас олдох вэ. Ц.Анандбазар МАН-аас нэр дэвшиж УИХ-д ялалт байгуулсан нь үнэн. Түүний хар, цагаан явж явж МАН-д очиж наалдах нь ойлгомжтой. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын “бандааш”-ны дуулиан дэгдэв. Д.Гантулга өөрөө ч “Би бандаашаа өмсөөд гарсан” болохоо нуугаагүй. Эл хэрэг явдал М.Энхболдод муугаар Х.Баттулгад эерэгээр нөлөөлсөн. Энэ удаад У.Хүрэсүх, Г.Занданшатар, З.Энхболд гурав гурвуулаа чирэгдэхээр дүр зураг ажиглагдаж байна. Тэгэхээр Ц.Анандбазарыг онилсон сумны жинхэнэ бай нь хэн бэ! Хэн сумаа тавиад нумаа нуув! Эцэст нь, охид, бүсгүйчүүдэд ажлын байрны бэлгийн дарамт учруулсан асуудалдаа Ц.Анандбазар уучлалт гуйгаад огцорчихвол улс төрийн карьер нь дууслаа гэхэд ядаж бизнесийнхээ карьерыг авч үлдэх юм даа
Мэдээллийг түгээх