Шар мэдээ 1072 0

“Эзэнгүй” үлдсэн МNB-ийг эзэнтэй болгох хэрэгтэй


Сүүлийн хоёр сарын хугацаанд МҮОНРТ-ийг тойрсон үйл явцыг олон нийт анхааралтай ажиглаж буй. Өнөөдөр өглөө 09:00 цагаас эхлээд Үндэсний зөвлөлийн хурал эхлэж, МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах юм. Ерөнхий захиралгүй болсон тус газрын санхүүгийн үйл ажиллагаанд доголдол гараад байгаа төдийгүй өнөөдрийн байдлаар гэхэд сүүлийн сарын цалингаа 770 гаруй албан хаагчид авч чадахгүйд хүрээд байгаа аж.

Тиймээс хамт олны зүгээс яаралтай Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах тал дээр нэгдсэн байр сууринд нь хүрээд байна. Харамсалтай нь, цөөн хэдэн уран бүтээлчид асуудлыг улс төржүүлээд байгаа бөгөөд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгон шалгаруулалтыг хууль бус гэж үзэж буй нь зөвхөн тухайн уран бүтээлчдийн үзэл бодол гэдгийг уран бүтээлчид онцоллоо.

Учир нь дэлхий нийт тэр дундаа Монгол Улсын хэмжээнд цар тахлын онцгой нөхцөл үүссэн, уран бүтээлчдийн өдөр тутмын амьдралд энэ нь маш хүнд нөлөөлж байгаа учраас МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг яаралтай томилохыг шаардаж байгаа юм. Тэдний үзэж буйгаар нэг хүний эрх ашгийг гэхээсээ илүү нийт эрх ашгийг бодож “ эзэнгүй” үлдсэн телевизийг эзэнтэй болгож өгөхийг Үндэсний зөвлөлийн гишүүдэд уламжлахыг хүсчээ.

2021 оны төсвийн асуудал яригдаж байгаа энэ эгзэгтэй үед Ерөнхий захирлын томилгоо юу юунаас илүү чухал, түүний цаана уран бүтээлчдийн амьдрал байгааг сануулсаар байна. Он дуусахад ердөө арав хүрэхгүй өдрийн хугацаа үлдсэн учраас аль аль талдаа нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахыг хүсч байгаагаа тайлбарлаж Үндэсний зөвлөлдөө 350 гаруй ажиллагсад хүсэлт гаргажээ.

Эх сурвалж: ugluuniishuudan.mn

Мэдээллийг түгээх