Нийслэл 198 0

ТОЙМ: Ван И-гийн айлчлалын аяны богц


Ойрын өдрүүдэд Ар, Өвөр Монголд Хятад улс анхаарлын төвд байлаа. Өвөр Монголд үндэсний хэл, боловсролын орчинд үүссэн асуудлаар эсэргүүцэл тэмцэл өрнөхтэй зэрэгцэн манай улсад БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар 2020 оны есдүгээр сарын 15-наас 16-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийгээд буцлаа.

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн энэхүү айлчлал нь 2020 оны хоёрдугаар сард цар тахал гарсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын хариу гэдгийг тодотгоё.

Мөн цар тахлаас хойш гадаад улсаас айлчилж буй анхны өндөр дээд хэмжээний зочин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И байв. Энэхүү айлчлал өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд халдвар хамгааллын хатуу горимын дор тохиосон учир хаалттай хаалганы цаана нээлттэй айлчлал болсноороо онцлог байлаа.

Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зөвхөн Гадаад харилцааны яамны албан мэдээгээр айлчлалыг дамжуулсан содон айлчлал болж өнгөрлөө.

Ямартай ч айлчлал ажил хэрэгч хэлэлцээр, уур амьсгалд болсонд сэтгэл хангалуун байгаагаа талууд илэрхийлсэн. Айлчлалын эхний өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван нар хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах болон бүс нутаг, олон улсын харилцааны холбогдолтой өргөн хүрээний асуудлаар ярилцаж, олон асуудлаар тохиролцоонд хүрсэн талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн.

Уулзалтын эхэнд Ван И албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, ямар ч цаг үед бие биеэ харилцан дэмжиж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, цаашид ч энэхүү уламжлалаа хадгалах нь чухал болохыг тэмдэглэсэн байна

ТҮҮНИЙ АЙЛЧЛАЛЫН ХҮРЭЭНД:

НЭГД: "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэхэд гарч буй ахицыг бататгах, хоёр талын томоохон төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэхэд анхаарч ажиллахаа онцолжээ. Мөн соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

ХОЁРТ: Талууд хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, худалдааны бүтцийг сайжруулах шаардлагатай байгааг тэмдэглэв. Хоёр талын худалдааны эргэлтийг улам бүр нэмэгдүүлэх зорилгоор цаашид идэвхтэй хамтран ажиллах, энэ хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг тогтвортой өсгөх, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар  тохиролцсон байна.

ГУРАВТ: “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ноот бичиг” солилцож, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Гадаад харилцааны яам хоорондын 2021-2022 оны хамтран ажиллах төлөвлөгөө, Монгол Улсаас БНХАУ-д гурил экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээрийн шаардлагын тухай Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын Протокол гэсэн баримт бичгүүдийг байгууллаа.

ДӨРӨВТ: "Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулснаар  Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоос гадна Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч гэсэн гурван төмөр замын боомт нээгдэж байгаа нь манай экспорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлнэ гэж талууд үзэж байна.

"НӨГӨӨ ТАЛЫН ХЭРЭГТ ХӨНДЛӨНГӨӨС ҮЛ ОРОЛЦОХ ЗАРЧМЫГ ТУУШТАЙ БАРИМТАЛЖ АЖИЛЛАХАА НОТОЛЛОО"

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван айлчлалын талаар хэлэхдээ “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах болон бүс нутаг, олон улсын харилцааны холбогдолтой өргөн хүрээний асуудлаар ярилцаж, олон асуудлаар тохиролцоонд хүрлээ. Хоёр тал бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, нөгөө талын хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмыг тууштай баримталж ажиллахаа нотоллоо” гэсэн юм.

ВАН И: МОНГОЛЫН ТАЛД АЧ ХАРИУЛЖ, ЭД БАРАА, БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛСЭН

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И “Хятадын ард түмэнд Монголын ард түмэн хүмүүнлэгийн тусламж үзүүлснийг мэдээлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улс, Монголын ард түмнийг төлөөлөн онц ноцтой нөхцөлд аюулт өвчний эсрэг хүнд үед Хятадын ард түмэнд чин сэтгэлийн дэмжлэг үзүүлсэнд Хятадын ард түмэн талархан, элэгсэг дотноор хүлээж авсан нь хэвлэл мэдээллийн хэрэгслээрмхалуун сэдэв болсон. Хятадын тал ач хариулж, Монголын талд эд бараа, буцалтгүй тусламж үзүүлсэн” хэмээн тодотгосон.

ХОЁР ТЭРБУМ ЮАНИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ХҮРЭЭНД 700 САЯ ЮАНИЙ ТУСЛАМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

Айлчлалын үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ илэрхийлэв. Энэ нь 2017 онд БНХАУ-аас амласан хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хүрээнд олгогдож буй тусламж юм. БНХАУ-аас олгох хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хэрэгжүүлэх инженерийн болон нийгмийн дэд бүтэц бүхий бичил дэд төвүүд байгуулах төсөл болон Улаанбаатар хотын гэр хороолол орчмын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажил хийхээр төлөвлөсөн билээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад нэг хоногийн хугацаатай айлчлах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхав.

ЕРӨНХИЙЛӨГЧ БНХАУ РУУ "ЭКО” ХҮНС ЭКСПОРТЛОХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЛЭЭ

Ерөнхийлөгч Х.Баттулга хандивын 30 мянган толгой хонийг Хятадын талд хүлээлгэн өгөх бэлтгэл ажил ид явагдаж байгааг Ван И-д уламжилсан. Уулзалтын үеэр талууд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам баяжуулж, хоёр улсын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх, цаашид улам нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлд идэвх, санаачилгатай ажиллах, ингэхдээ нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцжээ.

Дараа нь Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхаж, Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцсон. Монгол Улс, БНХАУ-ын хоорондын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, бүхий л салбарын хамтын ажиллагааг урагшлуулах, эдийн засгийн томоохон төслүүдийг идэвхжүүлэхээр тогтов.

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН АСУУДЛЫГ ХӨНДЖЭЭ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзахдаа хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг ярилцахын зэрэгцээ Өвөр Монголд үүсээд байгаа нөхцөл байдал, монгол хэл бичигтэй холбоотой асуудлыг хөндөн ярилцаж, өөрсдийн байр суурийг илэрхийлжээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад богино хугацаатай айлчилсан ч айлчлалын үр дүн, ач холбогдлыг талууд өндрөөр үнэлж байна. Ван И өмнө нь 2018 онд манай улсад анх төрийн айлчлал хийж байсан бол энэ удаад дэлхий нийтийг түгшээсэн коронавирусийн халдварын үед Монгол Улсад нэг хоног саатлаа.

Монголын талаас Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлалыг зохион байгуулах ажилд оролцож, ойр ажилласан хүмүүсийг 14 хоног тусгаарлахаар болсон. Энэ хүрээнд Хятадын Гадаад хэргийн сайдтай уулзсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд, бусад албаны хүмүүс тусгаарлагдав.

Эх сурвалж: Ш.Адъяамаа news.mn

Мэдээллийг түгээх