Фото мэдээ 360 0

Нислэг зогссон тул 48 хоног дугуйгаар явсаар гэртээ харьжээ


Шотландад гацсан 20 настай грек оюутан нислэг зогссон тул Афин хот руу харих аргагүй болжээ. Тиймээс 3500 гаруй км замыг 48 хоног дугуйгаар  туулан гэртээ харьсан байна.

“Миний хувьд маш том амжилт. Би өөрийнхөө тэвчээрийн хязгаар, хүчтэй болон сул талынхаа талаар их зүйл мэдэж авлаа. Бас миний аялал надаас гадна ядаж бас нэг хүнд таатай бүсээсээ гарч, ямар нэг шинэ, том зүйл туршиж үзэх хэрэгтэйг ойлгуулаасай гэж хүсэж байна” хэмээн аяллынхаа талаар тэрбээр ярьсан байна. 

Клеон Пападимитрий Абердиний их сургуульд гурав дахь жилдээ суралцаж байгаа бөгөөд европт коронавирусийн дэгдэлт идэвхжиж эхлэх үеэр буюу гуравдугаар сард гэр лүүгээ нисэхээр шийдсэн байна. Түүний ихэнх найз нар нь түрүүлээд явчихсан бөгөөд тэрбээр хичээлээсээ хоцрох вий гэсэндээ түр үлджээ. Түүний захиалсан гурван ч нислэг цуцлагдсан байна.

“Дөрөвдүгээр сарын нэгэнд би дахиад бүтэн сар Абердинд хөл хорионд байх нь гэж бодоод шинэ санаа бодож олсон нь энэ” гэжээ.

ЛААЗАЛСАН ЗАГАС, ДУГУЙ, МАЙХАН...

Гэрийнхэн нь байршил заадаг аппликейшн дээр хаана явааг нь хянах боломжтой болсон тохиолдолд л уг аялалд явахыг зөвшөөрнө гэжээ

Гэрээсээ олон мянган км хол газар гацсан Пападимитрий дугуйн аяллаа эхлүүлэхээсээ өмнө юу шаардлагатай байгааг судалжээ. Тэрбээр 2019 онд дугуйн тэмцээнд оролцож байсан бөгөөд энэ жил хэд хоног сургуулилалт хийсэн байна.  Эхэндээ энэ санаа нь түүний хувьд хоосон мөрөөдөл мэт санагдаж байжээ. Дараа нь хэрэгтэй зүйлсээ цуглуулаад, найзууддаа хэлж, гэрийнхэндээ дуулгасан байна.

Аав нь нэг л нөхцөлтэйгөөр хүлээн зөвшөөрнө гэв. Гэрийнхэн нь байршил заадаг аппликейшн дээр хаана явааг нь хянах боломжтой болсон тохиолдолд л уг аялалд явахыг зөвшөөрнө гэжээ. 

Тавдугаар сарын 10-ны өдөр тэрбээр лаазалсан сардин загас, самрын тос, талх, унтлагын уут, майхан болон дугуйны тоног төхөөрөмжөө базаагаад аялалд гарсан байна. Тэрбээр өдөрт 55-120 км явж, Англи, Нидерландыг хөндлөн гулд туулжээ. Дараа нь хэд хоногийг Германд өнгөрүүлж, Австриар дайрч, Италийн  зүүн эргээс Грекийн Патрас боомт руу завиар явсан байна. Ингээд Афин руу дахин дугуйгаа жийжээ.

Аяллынхаа туршид тэрбээр тэмдэглэл хөтөлж, дараагийн өдрийн төлөвлөгөөгөө боловсруулан, гэр бүлийнхэн болон найз нөхдөдөө хэл дуулгаж байв. Хоног өдөр өнгөрөх тусам илүү олон хүн түүний талаар мэддэг болжээ. Европын зарим орнуудаар явж байхад нь найз нөхөд нь холбогдож шүршүүрт оруулж, гэртээ хоноглуулж байв. 

50 шахуу хоногийн дараа буюу зургаадугаар сарын 27-нд тэрбээр гэртээ ирсэн байна. Гэрийнхэн нь болон найз нар нь түүнийг халуун дотноор угтаж, түүний ирснийг тэмдэглэжээ.

“Үнэхээр сэтгэл хөдлөм байсан” хэмээн Клеон Пападимитрий ярьсан байна. Грект ирснээсээ хойш тэрбээр ажил хийж байгаа аж. “Би хувь хүнийхээ хувьд өсөж хөгжиж байна. Би өөртөө илүү итгэлтэй болсон. Хэрвээ намайг аялалд гараагүй байх үед та надаас энэ бүхнийг чадах байсан уу гэж асуувал би “Үгүй, яаж ийм их зүйл хийж чадах билээ дээ?” гэж хэлэх байсан” гэжээ.

Эх сурвалж: CNN

Мэдээллийг түгээх