Улстөрч 2574 105

Долоо хоногийн онцлох мэдээ, үйл явдлын тойм

Энэ долоо хоногт улс төр, эдийн засаг, нийгэм, соёл урлаг, спортын салбарт болж өнгөрсөн сонирхолтой, анхаарал татсан халуухан мэдээний тоймыг хүргэе.

Улс төрийн эргэн тойронд
1.    МАНАН сонгуулийн хуулийг ёстой манантуулж байна


МАНАН манараад л манантаад 50:26, 44:32 гээд сонгуулийн тогтолцоог ёстой л нэг олон туулай хөөсөн анчин шиг л хэрхэхээ мэдэхгүй байлаа. Тэгээд эцэст нь энэ долоо хоногтоо тодорхой шийдэлд хүрч чадсангүй. Зарим эх сурвалжийн үзэж байгаагаар сонгуулийн тухай хууль ирэх намрын чуулганаар л батлагдаж магадгүй гэж байгаа юм. Харин МАН-ын зүгээс ард түмний санал асуулга явуулсны үндсэн дээр шийдье хэмээгээд байгаа билээ.

2.    7 сарын 1-ний хар өдрийг эргэн санах өдөр байв

Энэ өдөр хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөх нэг нь цэцэг өргөж, гэрэлт зул хөөргөх хүмүүс нь тэрийгээ үйлдэв. Харин тус өдрийг улс төрийн хүрээнд авч үзвэл 2008 оны 7 сарын 1-ний үеэр тухайн үед ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр онц байдал зарласан шийдвэртээ одоо болтол харамсч явдгаа мэдэгдсэн юм. Үүнээс гадна ИЗН, Ногоон намууд Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийн, гацалт хийлээ.

Эдийн засгийн эргэн тойронд
3.    Түлшний хомсдол буюу Роснефтийн захидал

Өнгөрсөн долоо хоногт дизель түлшний хомсдол анхаарал татаад байсан бол энэ долоо хоногт түүний араас АИ-92 бензин хомсдсон нь олны бухимдлыг төрүүлсэн.

Бензины ээлж дараалсан хомсдолууд шатахууныг картанд оруулж, шагийн наймааг газар авахуулан шударга бус байдлыг үүсгэлээ. Хэдийгээр Газрын тосны газраас 20 хоногийн хангалттай нөөц байгаа гэсэн ч хүмүүс тайвшрахыг хүссэнгүй.
ЭБЭХ-ний сайдад Роснефть компаниас захидал ирсэн нь онцлох үйл явдал байлаа. Захидалд хэрхэн өгүүлснийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл янз бүрээр тайлбарлаж байсан ч, Роснефть компани Монголоос дөрвөн зүйлийг хүссэн байгаа юм. Үүнд:
1.    Нефть бааз байгуулах, хадгалах систем, нефтийн бүтээгдэхүүний ложистик бий болгох,

2. Иргэдэд зориулсан цогц үйлчилгээ (дэлгүүр, цайны газар, техникийн үйлчилгээ, автомашин угаалгын газар зэрэг) бүхий орчин үеийн шатахуун түгээх станц барих, ашиглах.

3. Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудалд ТЗК барих, улмаар ашиглах хамтарсан үйлдвэр барих, уг үйлдвэр нь онгоцны түлш нийлүүлэхээс эхлээд цэнэглэх хүртэлх бүх л цогц үйлчилгээг үзүүлэх.

4. Монголын нефтийн зах зээлд өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахын тулд "Роснефть"-д нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх удаан хугацааны баталгаа олгох гэснийг олон нийтэд задалсан байна. Хэрвээ тэдний энэ саналыг хүлээж авбал хууль зөрчсөн хэрэг болох учраас шатахуун импортлох өөр гуравдагч гарцыг хайж эхэлсэн юм. Энэ бол БНХАУ-аас эхний ээлжинд 22 мянган тонн АИ-92, цаашдаа сар бүр 10 мянган тонныг авч байх Засгийн газрын албан ёсны хүсэлтийг Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Шадар сайд М.Энхболд БНХАУ-ын талд хүргүүлсэн. Одоогийн байдлаар энэхүү шийдвэрийн хариуг улс хүлээгээд байгаа билээ.

Нийгмийн эргэн тойронд
4.    Гал үндэстэнгүүд шоронгоос Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шаардлага хүргүүлэв

Тэдний шаардлага нь Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-д оруулахыг дахин шаардсан утгатай байжээ. Шаардлагын бүрэн эхийг http://news.niigem.mn/content/20114.shtml линкээр орж үзнэ үү.






5.    Наадмын өмнөх зам засварын ажил, зам хаалтууд

Наадмаас өмнө 22-ын товчооны зам ашиглалтад орох бөгөөд одоо ид дундаа явж байна.  Одоогоор нийслэл дэх нийт автозамын засварын ажил 50 хувьтай байна хэмээн Нийслэлийн Захирагчийн албанаас мэдээлсэн.


Дэлхий дахинд

6.    Интерпол Монголын 30 иргэнийг эрэн сурвалжилж байна

Өнөөдрийн байд лаар Монгол Улсын 30 иргэнийг Интерполоор эрэн сурвалжилж байгаа аж. Тэдний дунд жирийн иргэдээс гадна олонд танигдсан бизнесмэн, төрийн өндөр алба хашиж байсан хүн байгаа гэнэ. Интерполын гишүүн болсон орны цагдаа, хууль хяналтын байгууллага эрэн сурвалжилж байгаа хүний тухай олон нийтэд мэдээллэх ёсгүй учир зөвхөн хууль хяналтын байгууллага мэдээлэл авах, ашиглах эрхтэй байдаг аж. Эдгээр эрэн сурвалжлагдаж байгаа 30 хүний ихэнх нь БНХАУ-д байдаг сурагтай.

Урлаг соёлийн эргэн тойронд

7.    Монголын хоёр дуучин П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд шалгарч үлдсэн бөгөөд эцсийн шалгаруултад Монголын баргил хоолойт дуучин Энхбатын Амартүвшин гоцлол дуулаачийн ангиллаар Өмнөд-Солонгосын дуучин Пак Жон Мины дараах  хоёрдугаар байрын шагнал хүртлээ. Монгол улсын Дуурь Бүжгийн Эрдмийн теартын    гоцлол  дуучин, 24 настай энэ залуу эх орондоо үзэгчдийн тусгай шагналыг бас авч явна.

Спортын эргэн тойронд

8.    Улсын их баяр наадмаар хэний аавынхүү торгон ногоон дэвжээндээ зодоглох тухай асуудал бөх сонирхогчдын ярианы сэдэв болов. Харин мэдээллийн цахим хуудсаар http://news.niigem.mn/content/20134.shtml Их Монголын хүчтэн” дэвжээний галын бөхчүүдтэй хамтарч бэлтгэл хийнэ, тэдэнд заавар зөвөлгөө өгнө хэмээн бичсэн нь бэлтгэл хийж байгаа юм хойно барилдах нь гэлцэж байна.

9.    Монгол 1:0 Мьянмар түүхэн хожил

2014 оны Бразилд болох Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан сонгон шалгаруулах тэмцээн энэ сарын 29-нд Улаанбаатарт болсон билээ. Манай улс Мьянмар улстай тоглосон бөгөөд 1:0-ийн харьцаатайгаар эхний хожлоо авч, хөлбөмбөг сонирхогчдоо баярлуулсан.



Боловсролын эргэн тойронд

10.     Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн гарлаа


Элсэлтийн ерөнхий шалгалт өнгөрсөн сарын 17-19-ний өдрүүдэд болж өнгөрсөн. Өмнөх жилийн шалгалтад 40 гаруй мянган сурагч орсон бол энэ жил нийт 39043 хүн бүртгүүлж, шалгалт өгсөн билээ.
Шалгалтын дүн, онооны жагсаалтыг www.ees.mn цахим хуудаст байрлуулах аж.


11.    7 сарын 1-нээс эхлэн албан бичгийг үндэсний Монгол бичгээр бичиж эхэллээ.

Энэ нь 2010 оны Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлиг байсан юм. Ийнхүү нэг жилийн дараа бүрэн төгөлдөр болон тус шийдвэр хэрэгжих боллоо.
Х.Өнөрсайхан
Niigem.mn

Мэдээллийг түгээх