Гадаад мэдээ 884 40

Ш.Абэ Филиппиний Ерөнхийлөгчтэй уулзана


ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертетэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа болон тус хоёр орны АНУ-тай тогтоосон харилцааны талаар ярилцана.
 
Родриго Дутерте зургадугаар сард Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш анх удаа Японд айлчилж байгаа юм. 
Шинзо Абэ Р.Дутертетэй уулзах үеэрээ дэд бүтэц байгуулах зэрэг эдийн засгийн болон аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн төлөвлөгөөгөө танилцуулах ажээ.
 
Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын нөлөө газар авч байгаатай холбогдуулан Ш.Абэ тус бүс нутагт олон улсын хуулийг хэрэгжүүлэх нь чухал болохыг дахин дурдах бололтой. Үүний зэрэгцээ тэрбээр Ази-Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахын тулд АНУ-тай түншлэх нь зүйтэй гэдэг талаар санал бодлоо солилцох ажээ.
 
Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишида өчигдөр Р.Дутертег хүндэтгэн оройн зоог барьж, хэлэлцээ хийсэн байна. Япон улс бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын төлөө Филиппинтэй харилцаа холбоогоо нэмэгдүүлэх эрмэлзэлтэй байна гэж сайд Кишида мэдэгджээ.
 
Уулзалтын дараа Кишида мэдэгдэл хийж, Абэ, Дутерте нарын хэлэлцээ илэн далангүй байдалд үр дүнтэй болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.
 
 
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг 
Мэдээллийг түгээх