Нийслэл 159 0

ЭМЯ: Дэгү хотоос ирсэн зургаан оюутны шинжилгээний хариу сөрөг гарсан


ЭМЯ-наас дөнгөж сая коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Өчигдөр /2020.02.21/ БНСУ-ын халдварын голомт болоод буй Дэгү хотоос манай улсын зургаан оюутан ирсэн бөгөөд шинжилгээ авахад сөрөг хариутай гарсан байна. Мөн БНСУ-аас хоёр иргэн иржээ. Тэдгээрийн нэг нь Сөүл Улаанбаатарын онгоцоор ирсэн, Вьетнамд сурдаг оюутан бол нөгөөх нь Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Шанхайд сурдаг оюутан юм байна.

Оюутнуудыг тусгаарласан бөгөөд шинжилгээний хариу өнөөдөр орой гарах юм. Одоогийн байдлаар Гашуунсухайт боомтод 12 хүнийг тусгаарлан, 15 хүнийг ажиглалтад байлгаж байна. Тэдгээр иргэний шинжилгээний хариу, хүмүүсийн биеийн байдлыг харж цаашид тусгаарлалтыг үргэлжлүүлэх эсэхийг шийдэх юм байна.

-НЭГ ХҮН 384 ХҮНД ХАЛДВАР ТАРААХ МАГАДЛАЛТАЙ-

Энэ үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “Дэлхийн 29 оронд коронавирусын халдвар тархсан байна. БНХАУ энэ өвчнийг хяналтанд авч байгаа хэдий ч дэлхийн бусад улс оронд тархах өндөр эрсдэл байна гэдгийг ДЭМБ болон эрдэмтэн судлаачид анхааруулж байна.

Бидний хамгийн их зорчдог Япон, Сингапур, Солонгос улс, Иран улсад байдал хүндэрч байна. Израйль улсад шинээр коронавирусын тохиолдол бүртгэгдэж,  батлагдлаа гэсэн мэдээлэлтэй байна.

БНСУ-д өчигдөр 156 тохиолдол байсан бол өнөөдөр 284  болж өссөн байна. Гол газар бол дөрвөн хот, зураан мужид. Ялангуя Дэгү хотод эрчтэй тархаж байна. Манай эрдэмтэн судлаачдын тооцоогоор халдвар авсан нэг хүн цаашаа таван хүнд тараана. Тэр таван хүн цаашаа тараах юм бол нийт 384 хүнд халдвар тарааж болох юм гэсэн тооцоо судалгааг хийж байсан нь үнэнд нийцсэн  гэж харж байна.” Гэв.

-ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙГ ШААРДЛАГАТАЙ ҮЕД ДӨРВӨН ЦАГИЙН ДОТОР СУЛЛАХ БОЛОМЖТОЙ ГЭСЭН-

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Оношлуурууд хангалттай ирсэн. Бид цаашдаа оношлогоогоо Ховд, Орхон, Дархан-уул, Дорнод аймгийн оношлогооны төвүүд дээр хийлгэх бэлтгэл ажлыг хангаад, эмч эмнэлгийн мэргэжилтнүүд сургах ажлууд хийгдэж байна. Эмнэлийн бэлэн байдлыг хангаж, оруудыг бэлдсэн. ХӨСҮТ дээр 50 ортой тасаг дээр нэмж 100 ортой тасаг нээж, бэлэн байдлаа хангасан.

Цэргийн төв эмнэлэг дээр 570 ор бэлдэж байгаа. Коронавируст халдварын оношлогоо эмчилгээнд зориулж бэлтгэл бүрэн хангасан. Шаардлага гарсан тохиолдолд цэргийн төв эмнэлгийг дөрвөн цагийн дотор чөлөөлөх боломжтой гэж хэлж байгаа. Мөн улсын хоёрдугаар төв эмнэлэгт 200 ор бэлэн байлгаж байна. Шаардлага гарвал дараагийн нөхцөлд энэ орыг дэлгэж ажиллуулна.

Тусгаарлан сэргийлэх 120 ортой байрыг Жаргалантын аманд байх ОБЕГ-ын сувилалд бэлдсэн. Эмч нарт нь ХӨСҮТ-ээс очиж дадлага сургуулилт хийж, заавар зөвлөгөө өгсөн. Мөн “Асралт мед” хувийн эмнэлэгт 100 ор дэлгэх бэлтгэл хийж байна.

Эмч эмнэлгийн мэргэжилтнүүдээ дадлагжуулах сургалтад байнга хамруулж байгаа. Жижүүрээс буугаад эмч нар дадлагажуулах сургуулилтаа байнга хийж байгаа. Хүний нөөцөө тооцооллыг гаргасан. 1824 дадлагажигч эмч, анагаах ухааны төгсөх курсын 1340 оюутан, гавьяаны амралтад байгаа эмч маргэжилтэн, сувилагч нарын тооцооллыг гаргаад, овог нэр утасны дугаарыг нь бүртгэчихсэн. Сургаад явж байна.” Гэв.

Мэдээллийг түгээх