Гэмт хэрэг 258 0

Хуурамч хаяг нээн охидтой харилцаж, хүчирхийлдэг эрийг саатуулжээ


Монгол Улсад фэйсбүүк идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2.2 саяд хүрчээ. Өөрөөр хэлбэл, хүн амын 70 хувь нь сошиал орчинд идэвхтэй байж, мэдээ мэдээлэл авч, бусдад түгээж байна. Энэ хэрээрээ олон нийтэд худал, ташаа мэдээлэл хүрэх, гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл бүрдээд буй.

Тодруулбал, фэйсбүүк хуудастаа “+18” хэмээх бүлэгт хуурамч хаяг нээн охидтой танилцаж, дарамтлан хүчирхийлдэг нэгэн этгээдийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн илрүүлэн шалгаж байна. Тэрбээр насанд хүрээгүй охидтой харилцан, зурвас бичиж байгаад нүцгэн зургийг нь авдаг, мөнгө өгнө хэмээн мэхлэн уулзаж бэлгийн харилцаанд ордог, түүнийгээ гар утсаараа бичиж, олон нийтийн сүлжээнд тавина хэмээн дарамталж хүчирхийлдэг байжээ. Түүнийг өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна. 

Дашрамд дурдахад, 2018 онд Сүхбаатар аймгийн харьяат, 17 настай, эрэгтэй “Х” нь хуурамч фэйсбүүк хаяг ашиглан насанд хүрээгүй охидтой танилцаж, нүцгэн зургийг нь цуглуулж, улмаар дарамталж бэлгийн харьцаанд ордог, мөнгө авч байсныг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар шуурхай илрүүлсэн билээ. 

Уг этгээдийн хууль бус үйлдэлдээ ашиглаж байсан гар утсанд хийсэн үзлэг, шалгалтаар 1032 ширхэг насанд хүрээгүй байж болзошгүй охид, эмэгтэйчүүдийн нүцгэн зураг болон өөр бусад садар самуун агууламжтай файлуудыг илрүүлсэн ба хэд хэдэн хүнийг хохирогчоор тогтоон шалгалтын ажиллагаа явуулж хариуцлага тооцсон юм.

Мэдээллийг түгээх