Нийслэл 311 0

ИРГЭДИЙН БАЙР СУУРЬ: ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ БҮСЧЛЭЛ


Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор замын хөдөлгөөнийг  гурван бүсэд хувааж, ирэх сарын 15-наас хэрэгжүүлэхээр болсон. Энэ талаар Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлэл хийсэн.

Тодруулбал Улаанбаатар хотыг А В С гэсэн гурван бүсэд хувааж, А бүсчлэлд үзлэг оношилгоонд ороогүй, албан татвараа төлөөгүй, торгуультай, даатгалаа төлөөгүй машин замын хөдөлгөөнд оролцох боломжгүй. В хэсэг дээр автомашин тэгш, сондгой дугаараар замын хөдөлгөөнд оролцоно. Харин А В хэсэгт машинаа тавих боломжгүй иргэд С хэсэгт автомашинаа тавиад хотын төв хэсэг рүү нийтийн тээврийн унаанд сууж зорчихоор шийдвэрлэжээ. Ингэснээр хотын түгжрэлийг 20-30 хувь бууруулах боломжтой хэмээн үзэж байгаа аж. Мөн  А, В хэсэг дээр автомашины зогсоолыг хангалттай болгож, бүх зогсоолыг төлбөртэй болгох юм.

Иймд бид замын хөдөлгөөний бүсчлэлийн талаар жолооч, иргэдийн байр суурийг сонслоо. Энэ үеэр бүсчлэлийн талаар мэдээлэл багатай байна гэх иргэд ч цөөнгүй байсан юм.

Иргэн М.Билгүүн: 

“Замын түгжрэлийн асуудлыг  зохицуулалт хийж, арга хэмжээ авч байгааг зөв гэж бодож байна. Авто зогсоолуудыг нэмэгдүүлж, төлбөртэй болгож болно. Угаасаа хотын төвөөр зогсоол байдаггүй. Ажлаа амжуулахдаа машинаа аюулгүй байрлуулбал бидэнд хэрэгтэй. Гэхдээ өнгө үзэмжгүй машин оруулахгүй гэдэг нь иргэдийг ялгаварлаж байгаа хэрэг. Өнгө үзэмж муутай машинтай хүн ч гэсэн ажил алба бүтээх гээд л явж байгаа шүү дээ. Эмнэлэг хоршоо орох гээд  яарч байгаа хүмүүс яах болж байна.

Иргэн Б.Шинэбаяр: 

“Бүсчлэлд хуваах талаар мэдээлэл багатай байгаа. Хотын төвөөрөө эмнэлэг үйлчилгээний байгууллагын зогсоол хүрэлцдэггүй нь үнэн. Би хувийн эмнэлэгт цаг авчхаад үзүүлэх гэхээр ойрхон зогсоолгүй учраас зам дээр машинаа тавиад л эхнэрийгээ оруулчхаад хүлээж байна. Зам дээр удаан зогсвол ачаад явчихдаг. Тэгэхээр машиндаа сууж л байхгүй бол болохгүй. Гэхдээ бүсчлэлд хуваагаад түгжрэл багасна гэдэг бол худлаа байх гэж бодож байна. Хотын зах хэсгүүдээрээ ч гэсэн түгжирдэг шүү дээ".

Иргэн А.Хүү:

“Түгжрэл бууруулах энэ аргыг тодорхой судалгаатай хийж байгаа. Бүсэд хуваах нь зөв гэж бодож байгаа. Дэлхийн жишгийг дагах хэрэгтэй. Гэхдээ манай улс соёлтой орнуудын жишгээс 20-30 жил хоцорч яваа. Өндөр хөгжилтэй орнууд энийг эрт шийдчихсэн. Өнөөдөр манай замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар маш хариуцлагагүй замын хөдөлгөөнд соёлгүй оролцдог. Бүсэд хуваагаад тодорхой дүрэм журам тавиад ирэхээр энэ асуудал цэгцэрнэ. Татвар түрээсийн асуудал нь улс орны хөгжилд хэрэг болно шүү дээ. Энэ чинь нэг ёсондоо хувь хүний хариуцлагыг дээшлүүлж байгаа асуудал.

Иргэн Э.Адъяажав: 

“Бүсчлэлд хуваах талаар би мэдээлэл багатай байгаа. Хүмүүс нэлээд эсэргүүцээд байсан. Гэхдээ дэд бүтцийн асуудлаа шийдээд үүнийг хийсэн нь дээр болов уу. Наанадаж дугуй замтай болох хэрэгтэй. Боломж нөхцөл нь байхгүй байна шүү дээ. Дугуйн замтай болчихвол би ч гэсэн дугуй унаад явмаар байна.”

Иргэн Ч.Цэрэв:

“Замын хөдөлгөөнийг бүсчлэлд хуваах талаар мэдээ харсан. Замын түгжрэл дээр ямар нэг арга хэмжээ авахгүй бол болохгүй. Сая гэхэд би нэгдүгээр эмнэлэг рүү орох гээд зогсоол хайгаад гурав тойрлоо гэтэл зогсоол олдсонгүй. Тэгэхээр бүсчлэлд хуваагаад төлбөртэй болгочихвол зогсоолын асуудал шийдэгдэж, түгжрэл багасчих болов уу гэж бодож байна. Бүсчлэлд нэвтрэхдээ тодорхой шаардлагыг хангах хэрэгтэй гэсэн байна лээ. Үүн дээр нэмээд хөдөөний дугаартай машинуудыг хотод орж ирэхэд нь татвар авдаг байх хэрэгтэй. Орон нутгийн ялгаа гэдгээр биш Улаанбаатар хот онцгой бүс гэдэг утгаар нь заалт гаргах нь зүйтэй гэж боддог. Өнгө үзэмж муутай машин байна гэдэг нь насжилт ихтэй хуучин машин байна гэсэн үг. Үүнийг харж замын хөдөлгөөнд оруулах нь ч зөв. Эрүүл мэнд болон эдийн засгийн хувьд ч эдгээр машин сөрөг нөлөө ихтэй шүү дээ. Би ч гэсэн хуучирсан машинаа цаг үетэйгээ уялдуулаад ашиглахгүй гэж бодож байгаа”.

Иргэн Б.Хишигжаргал /зураг авахуулахаас татгалзсан/ “Замын хөдөлгөөнд оролцуулахдаа тодорхой дүрэм журмыг мөрдөх нь зүйтэй. Бүсчлэлд хувааж байгаа нь жолооч нарыг илүү хариуцлагатай болгож байгаа гэж бодож байна. Наанадаж торгуулаа төлөөд хариуцлагатай хөдөлгөөнд оролцоно. Харин түгжрэл бууруулах асуудал дээр зөв, буруу гэж шүүх болоогүй байна. Үүнийг судалгаа, тооцооны үндсэн дээр гаргана шүү дээ. Энэ дээр хэн нэгний эрх ашгийн төлөө бус, олон нийтийн эрх ашигт нийцсэн байвал татгалзаад байх асуудал байхгүй. Замын түгжрэл багасаад, сайн хэрэгжүүлж чадвал бид ч гэсэн дүрмээ дагаад явна шүү дээ”.

Ардчилал.мн

Б.Бадралмаа

 

Мэдээллийг түгээх