Нийслэл 281 1

УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ГУРВАН БҮСЧЛЭЛД ХУВААНА


Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах үүднээс Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас замын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хуваахаар болсон байна. Энэ талаар өнөөдөр/2019.07.26/ албаныхан мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр:

“Улаанбаатар хотын хэмжээнд 530 мянга гаруй авто машин бүртгэлтэй байдгаас 420 мянга орчим нь замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байна. Харин сард импортоор 5000-8000 авто машин бүртгэгддэг. Нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал 2005 оноос нэмэгдэж, 2010 оноос түгжрэлийн талаар ярих болсон. 2012 оноос Улаанбаатар хотын хэмжээнд 200 мянга гаруй автомашин хөдөлгөөнд оролцож, ачааллыг буруулахаар дугаарын хязгаарлалт, нэг эгнээг нийтийн тээвэрт  зориулах, зам өргөсгөх, гүүрэн гарц барих зэрэг арга хэмжээг авч эхэлсэн.  Энэ ажлууд цаг хугацааны хувьд цаашдаа үргэлжлэх боломжгүй байна гэж бид үзэж байгаа. Бид зургаа, долоо, наймдугаар сарын бага түгжрэлтэй цагаа хасахад иргэдийн 70 хувийн бүтээх ёстой ажлынхаа гуравны нэгийг бүтээгээд үлдсэн хоёрыг нь  замын түгжрэлд зарцуулж байна. Иймд бид хотын төвлөрлийг бууруулах ажлыг хийж хэрэгжүүлж байгаа. Хотын төвлөрлийг сааруулахаар төр захиргааны байгууллага, их, дээд сургуулийг хотоос нүүлгэх, метротой болох ажил нь урт хугацааны асуудал.

Үүнээс өмнө бид богино болон дунд хугацааны төлөвлөлтийн ажлыг хийж эхлэлээ. Үүний нэг нь бүсчлэлийн асуудал юм. Улаанбаатар хотыг А, В, С гэсэн гурван бүсэд хуваана.

А бүс буюу Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар хүртэл бага тойруугийн доторх хэсэг орж байна. Энд бид бага талбайг төлөвлөсөн. Учир нь иргэд алхаад очих боломжтой.

Б бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, Нарантуулаас өгөөжийн уулзвар хүртэл. Мөн энэ хэсгийг иргэдийн идэвхтэй алхах боломжтой хэсэг гэж үзэж байгаа

С бүс нь дээр дурдсанаас гадуур хэсэг юм.

Үүнийг зохицуулан ажиллахдаа А болон В бүсэд автомашины зогсоолыг хангалттай болгоно. Одоогийн байдлаар  зөвшөөрөлтэй зогсоол 2382, зөвшөөрөлгүй 5330 зогсоол байна. Мөн шинээр судлагдаж байгаа 7984 зогсоол байна. 7984 гэдэг нь зогсоол биш хөдөлгөөнд нөлөөлөлгүй зогсож болохоор машинаа тавиад орхичихдог. Энэ зогсоолуудыг эзэнжүүлж, төлбөртэй болох юм. Цаашдаа авто зогсоолыг бүгдийн төлбөртэй болгож, үнэ төлбөргүй зогсоол байхгүй болгоно.Гэхдээ зогсоолын төлбөрийг нэмэхгүй.

 Нийт 15 мянга гаруй зогсоол бий болгох төлөвлөгөө бий. Мөн зогсоолын шинэ журамтай болно. Учир нь бид төр захиргааны байгууллага болон үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх гэхээр зогсоол олддоггүй. Бид зогсоолын зөв хэрэглээнд оруулахын тулд бүсчлэсэн ажлыг зохион байгуулж байна.

Бүсчлэл дотор бүсчлэлийн тэмдгүүд байрлах бөгөөд стандартад орсон тул Бүсчлэлийн тэмдэг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ. Зогсоолын асуудлаас гадна А, Б бүс рүү тодорхой шаардлага хангасан автомашиныг нэвтрүүлнэ.

  • Татвараа төлсөн
  • Торгуульгүй
  • Техникийн улсын үзлэгт тэнцсэн байх ёстой.

Мөн бүсчлэлд хувааснаар түгжрэл 20-30 хувь хүртэл бууруулах боломжтой гэж үзэж байгаа. Жолооч, иргэдээс санал асуухад 70 орчим хувь нь дэмжсэн” гэлээ.

 Ардчилал.мн

Б.Бадралмаа

 

 

Мэдээллийг түгээх
  • 2019-07-24 00:37:57 | ip: 103.26.193.192

    Demjij bgaa ni ch 70% bish bxaa