Нийслэл 369 0

НААДМЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ХОЁР САЯАР ОЛГОСОН УУ


Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг хүний хөлд дарагддаг Үндэсний их баяр наадам айсуй. Баярын өдрүүдээр нийслэлийнхэн нүдээ баясгадаг дээрх газруудад хуушуур, буузнаас авахуулаад хүүхдийн тоглоомын газар зэрэг төрөл бүрийн худалдаа, үйлчилгээний байгууллагууд нүүж очдог уламжлалтай. Энэ жилийн баяр наадмаар хэчнээн аж ахуйн нэгж байгууллагад худалдаа эрхлэх зөвшөөрөл олгож буй талаар Нийслэлийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Я.Бадмаагаас тодрууллаа.

-Үндэсний их баяр наадмаар нийслэлийн хэмжээнд хэчнээн аж ахуйн нэгж байгууллагад хүнс, худалдаа эрхлэх зөвшөөрөл олгох вэ?

-Энэ жилийн баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт нийт 730 хүнс, худалдаа үйлчилгээний цэг салбар ажиллана. Худалдаа болон хоол үйлдвэрлэл үйлчилгээ, бэлэг дурсгал, гар урлалын худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулна.

-Жил жилийн баяр наадмаар Төв цэнгэлдэх, Хүй долоон худагт хүнс, худалдаа үйлчилгээнийхэн нүүж очсоноороо “Нарантуул зах-2” болдог. Энэ байдлыг цэгцлэх үүднээс зөвшөөрлийг өмнөх жилээс цөөрүүлсэн үү?

-Баяр наадамтай холбогдуулан Хотын ерөнхий менежерийн баяр наадмыг хэрхэн зохион байгуулах тухай тушаал гарсны дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газар, дүүргүүдийн ЗДТГ-т удирдлага чиглэлийг өгч ажиллаж байна. Энэ жилийн тухайд хүнс, худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн тоог өмнөх жилээс цөөрүүлээгүй. Ер нь Төв цэнгэлдэх хүрээлэнд 430, Хүй долоон худагт 300 цэг тус бүр үйл ажиллагаа явуулна. Худалдаа, хоол үйлдвэр, үйлчилгээ эрхэлж буй газрууд нь хувь хүмүүс биш аж ахуйн нэгжүүд байх учраас наадамчин олонд хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан хоол хүнсээр үйлчилнэ. Хоёрдугаарт, эмх замбараагүй байдал үүсэхгүй.

Хүнс, худалдаа үйлдвэр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр сая төгрөгөөр олгож байна гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Энэ бол ташаа мэдээлэл. Аж ахуйн нэгж байгууллагууд дүүргүүдийн үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсээр дамжуулан зөвшөөрөл авах хүсэлтээ өгнө. Хэрэв ийм үнээр зөвшөөрөл олговол хүнс, худалдаа эрхлэх аж ахуйн нэгж маш цөөхөн шүү дээ.

Б.ЦЭЦЭГ

Эх сурвалж:news.mn

 

Мэдээллийг түгээх