Нийслэл 2806 0

ҮСХ: ИРГЭДИЙН ДУНДАЖ ЦАЛИН 1.2 САЯ ТӨГРӨГТ ХҮРСЭН


Үндэсний Статистикийн Хорооноос /ҮСХ/ нийгэм, эдийн засгийн  нөхцөл байдлыг тоон үзүүлэлтээр танилцуулдаг. Тэгвэл Монгол улсын нийгэм, эдийн засгийн  2019 оны эхний хоёр сарын статистик мэдээллийг өнөөдөр /2019.03.12/ танилцууллаа. Мэдээллийн эхэнд ҮСХ-ны хүн ам, нийгмийн газрын статистикч С.Тодгэрэл нийгмийн салбарын мэдээллийг хүргэсэн юм.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56,5  хувийг залуучууд эзэлж байна

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны хоёрдугаар сарын эцсээр 33,9 мянга бүртгэгдсэн байна. Үүнээс  24,0 мянган нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 9,9 мянган хүн буюу 29,3 ажилтай боловч өөр ажил хийж байгаа хэмээн бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 565 хүнээр өмнөх сараас 381 хүнээр буурсан үзүүлэлт юм.  Эдгээр бүртгэлтэй ажилгүй иргэдийн 47,7 хувийг бүрэн дунд боловсролтой, 30,3 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6,9 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.0 хувийг суурь, 4,5 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2,3 хувийг бага 1.2 хувийг боловсролгүй, 1.1 хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд эзэлж байгаа юм.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56.5 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна.

ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол бүртгэгджээ

Улсын хэмжээнд 2019 оны эхний хоёр сард нийт 11752 эх амаржиж, 11852 хүүхэд мэндэлжээ. 2019 оны эхний хоёр сарын байдлаар нялхсын эндэгдэл 192 болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр буюу 1.1 хувиар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 230 болж, 4.1 хувиар өссөн дүн гарсан байна.

Мөн халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны хоёр сард 6.6 мянга болж, өмнөх оноос 589 буюу 9.8 хувиар нэмэгджээ. Энэ үзүүлэлт өсөхөд салхин цэцэг, гонококкт халдвараар өвчлөгчид өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин гар хөл амны өвчнөөр өвчлөгчид 47.6 хувиар, тэмбүүгээр өвчлөгчид 13.8 хувиар буурсан дүн гарчээ. Улаанбаатар хотод 2019 оны эхний хоёр сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт 270 тохиолдол илэрчээ.

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өссөн байна

2019 оны эхний хоёр сарын байдлаар 7,4 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 68-аар буюу 0,9 хувиар өссөн үзүүлэлт юм. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хүүхэд оролцсон, эмэгтэйчүүд оролцсон гэмт хэргийн төрлүүд өссөн үзүүлэлттэй гарсан бол  бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг буурсан байна. Мөн хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 471 буюу 6.1 дахин, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 54 буюу 65.1 хувиар, залилах гэмт хэрэг 252 буюу 26.6 хувиар, мал хулгайлах гэмт хэрэг 163 буюу 78.4 хувиар өсжээ.

2019 оны эхний хоёр сарын эдийн засгийн байдлыг ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Д.Баасан танилцуулсан юм.

Оны эхний хоёр сарын статистикийн байдлаар нийгмийн даатгалын сангийн орлого өсжээ

НДШ төлөгчдийн медиан цалин 806.6 мянган, дундаж цалин 1 сая 120 мянга 350 төгрөгт хүрсэн байна.  Төрийн өмчит үйлдвэрийн газар болон хувьцаат компанийнх ажиллагчид 1.3 сая, хязгаарлагдмал хувьцаат компанид ажиллагсад 1.2 сая төгрөг, төсөвт байгууллагынх 901 мянган төгрөг, хоршоонд ажиллагсдынх 400 мянган төгрөг байгаа аж. Харин уул уурхайн салбарын ажиллагсад хамгийн их буюу 2.5 сая төгрөгийн цалинтай бол нийтийн хоолны салбарынхан 704 мянган төгрөгийн дундаж цалинтай байна.

Засгийн газрын нийт өр 1,7 хувиар буурчээ

Засгийн газрын нийт өр 2018 оны эцэст 22.4 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 390,1 тэрбум төгрөгөөр буюу 1,4 хувиар буурсан үзүүлэлт юм. Засгийн газрын нийт өрийн 18.9 их наяд төгрөг буюу 84.3 хувь нь гадаад өр бол 1.6 их наяд төгрөг буюу 7 хувь нь дотоод өр, 1.1 их наяд төгрөг буюу 5.1 хувь нь Засгийн газрын өрийн баталгаа, 806 тэрбум төгрөг буюу 3.6 хувь нь концесс аж.

Инфляц 6,9 хувиар өсжээ.

Инфляц өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Инфляцын төвшинг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны ундаа, усны бүлгийн үнэ, хувцас бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлт голлон нөлөөлсөн байна. Өмнөх оны эцсээс буюу 2018 оны 12 дугаар сарын эцсээс 1.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнд хүнсний бараа дотроо мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөлжээ.

Ардчилал.мн

Б.Бадралмаа

 

Мэдээллийг түгээх