Нийслэл 308 0

ФЭЭСБҮҮКТ МОНГОЛ БИЧГЭЭР БИЧИХЭД АМАРХАН БОЛНО


  1. Олон улсын мэргэжилтнүүдийн хүлээн зөвшөөрсөн “Тунгаамал загвар”-аар бүтээсэн монгол бичгийн гар, фонтууд цахим орчинд монгол бичгийн кодчиллын асуудал цэгцрэхэд томоохон алхам хийж байна.
  2. Цахим орчинд монгол бичгээр бичих хэзээ ч ийм хялбар байсангүй.

Өнгөрсөн 20 орчим жилийн турш Монгол бичиг цахим орчинд бүрэн харилцах хэмжээнд хүртэл хөгжөөгүйн гол шалтгаан бол дэлхий даяар баримталдаг Юникод стандартад монгол бичгийн суурь кодчилол бүрэн бус тавигдсан явдал байж ирсэн юм. Тиймээс, Болорсофт компани Монгол бичгийн кодчиллыг сүүлийн 5 жил анхааран судалж, олон улсын хурал, зөвлөгөөнүүдэд оролцон санал бодлоо илэрхийлж ирсэн бөгөөд 2017 оны 9 сараас уг  асуудлаар холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран дагнан ажиллаж байна.

Аливаа стандарт тогтвортой байдлын баталгаа болдог учир ялангуяа дэлхий даяарх цахим ертөнц тэр чигтээ мөрддөг Юникод стандартад олон улсын мэргэжилтнүүдийн хэлэлцүүлэг шүүмжийг даван засвар өөрчлөлт оруулна гэдэг ихээхэн хүчин зүтгэл, мэдлэг, туршлага шаарддаг аж. Болорсофтын баг монгол бичгийн юникодыг сайжруулах хэд хэдэн санал боловсруулж Юникодын байгууллагад өргөн барьжээ. Тэд 2018.11.20-нд Улаанбаатар хотноо “Монгол бичгийн кодчилол – 2018” сэдэвт хурал зохион байгуулж, төрийн болон сургалт судалгаа шинжилгээний 20 гаруй байгууллага, монгол бичиг хэрэглэгчдийн 40 гаруй төлөөлөл болон Юникодын байгууллагын монгол бичгийг хариуцсан мэргэжилтэнд өөрсдийн боловсруулсан саналаа нэгтгэсэн “Тунгаамал загвар”-ыг хэлэлцүүлсэн бөгөөд тус хурлаас авианы бичгийн онцлогийг тусгасан уг шийдлийг яаралтай хэрэгжүүлэхийг Монголын шинжлэх ухааны байгууллагууд дэмжсэн дүгнэлт гаргасан аж.

Тус хурлын дүнд, 2019.1.14-17-нд АНУ-д Гүүглийн төв байранд Юникодын техникийн зөвлөлийн 158 дугаар хуралдаанаар “Тунгаамал загвар”-аа Юникодын олон улсын мэргэжилтнүүдээр хэлэлцүүлж, уг загварыг хэрэгжүүлэх туршилт хийх зөвшөөрөл авч, шаардлагатай нэмэлт кодуудыг ашиглах эрхтэй болсон юм байна.

Ингээд, монгол бичгийн “Тунгаамал загвар”-ын дагуу бичихэд хамгийн эргэлзээ төөрөгдөл байгаатай, хялбар байхыг эрхэмлэсэн монгол бичгийн гарын драйвер болон монгол бичгийн хэрэглэгч бидэнд хүргэж байгаагаа өнөөдрийн хэвлэлийн бага хурлаар өнөөдөр зарлалаа.

“Тунгаамал загвар”-ыг боловсруулан хөгжүүлэх багийн зүгээс монгол оюунаар бүтээсэн бүхий л төрлийн мэдлэг ухааныг хэдэн зуун жил дамнан тээж ирсэн монгол бичиг цахим орчинд байр сууриа эзэлж чадахгүй өнгөрөөж буй цаг мөч бүр монгол бичгийн ирээдүйг зуу зуун жилээр хороож, ирээдүйн Монголын үр хойчис монгол бичгийн талаар дурсамж төдий мэдлэгтэй хоцрох вий гэдгээс зүрхшээн эмээж энэхүү шийдлийг яаран яаран хэрэглээнд нэвтрүүлж байгаагаа онцолж байлаа.

Уг шийдэл бэлэн болсноор, цахим орчинд 20 жил гацаатай байсан Монгол бичгийн хөгжил нэгэн шатаар ахиж байна гэж үзэж болох юм. Үүнд тулгуурлан, цаашид юникодод нийцсэн монгол бичгийн фонтууд бий болох, монгол бичгийн цахим орчин дахь хэрэглээ тогтворжих, бусад ахисан түвшний программ хангамжууд үйлдвэрлэх боломж бүрдэж байгаа юм байна.

Монгол бичгийн гар, фонтуудыг доорх хаягаас татан суулгаж, Монгол бичгээ өдөр тутамдаа ашиглацгаая.

Татах хаяг:

https://www.mngl.net/

 

 
Эх сурвалж: News.mn
Мэдээллийг түгээх