Танин мэдэхгүй 475 0

ДАВОС-ЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ


Жил бүрийн нэгдүгээр сард дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт буюу Давосын уулзалт зохион байгуулагддаг. Тус чуулга уулзалтад дэлхийн төр, засгийн тэргүүнүүд хийгээд, томоохон компаниудын удирдагчид, нэрт эдийн засагч, эрдэмтэн, улс төрчид  оролцож эдийн засаг, улс төр, эрүүлийг хамгаалах, хүрээлэн байгаа орчныг хамгаалах зэрэг сэдвийг хэлэлцдэг юм. 

Сонирхуулахад, дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг профессор Клаус Шваб гэх Герман хүн үндэслэжээ. Үүнд дэлхийн 1000 гаруй томоохон компани ордог бөгөөд төв байр нь Женев хотод байдаг. Анхны уулзалтаа 1971 онд хийж, бизнесийн салбарын хүрээнд менежментийн асуудлыг хэлэлцэж байсан аж. Дараа дараачийн жилүүдэд хэлэлцэж буй асуудлын хүрээ өргөжиж, 1974 оноос улс төрийн удирдагчдыг урих болсон байна. Энэ үедээ Европын чуулга уулзалт гэж нэрлэж байснаа Австрали болон Ази, Африк, Өмнөд, Хойд Америкийн улс орнуудад урилга өгдөг болсныхоо дараа 1987 оноос Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт гэх болжээ. Давосын чуулга уулзалтын хүрээнд албан ёсны бус байдалд семинар, бүгд хуралдаан, дугуй ширээний уулзалт, яриа явагддаг. Протокол хөтөлдөггүй, ямар ч тогтоол гаргадаггүй. Тэр утгаараа оролцогчдод маш их мэдээлэлтэй, ач холбогдолтой болж чаддаг байна.

Монгол улс тус чуулга уулзалтад 2009 оноос оролцож эхэлсэн бөгөөд уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, ус, байгаль орчны чиглэлийн хурал, хэлэлцүүлэгт түлхүү оролцсоор ирсэн.

Энэ жилийн чуулга уулзалт энэ долоо хоногт эхэлж байна. Жил бүрийн чуулганаас энэ жилийнх олон талаараа онцлог болж байгааг эх сурвалжууд онцолж байна. Швейцарын Давос хотод чуулганд оролцохоор 114 орны 3,000 зочин цуглажээ.

Эдгээр зочдоос хамгийн их хувь эзэлж байгаа нь Европ тивийн төлөөлөгчид ба Хойд Америк, Азийн оролцогчид дараах байранд бичигджээ. “Давос 2019” дэлхийн эдийн засгийн чуулганд Европоос 1,159 зочин ирж оролцох юм.

Дэлхий эдийн засгийн чуулга уулзалтаар энэ жил дэлхийн цаг уурын өөрчлөлт, дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашрал, технологийн компаниудын IPO хувьцааны талаар хэлэлцэх ажээ.

Б.Бадралмаа

Ардчилал.Мн

Мэдээллийг түгээх