Шар мэдээ 95 0

Б.ЖАМБАЛДОРЖ: ХӨРСӨНД ЮМ ТАРЬЧИХААД НАР, ХУР, ЛАМ, БӨӨД ДААТГААД БАЙДАГ ЦАГ ӨНГӨРСӨН


Аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газрын дарга Б.Жамбалдоржтой газар тариалангийн салбар дахь усны бодлого, хүлэмжийн үйлдвэрлэл, намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл зэрэг цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Төв аймгийн хэмжээнд ургац хураалт хэдэн хувьтай явж байна вэ?

-Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар ургац хураалт 80 хувьтай байна. Үр тарианы ургац хураалт 80 хувь, төмс, хүнсний ногоо 98 хувь, бусад тосны ургамал, тэжээлийн таримлын ургац хураалт тооцоот хугацааны дагуу явагдаж байна. Энэ жил улаанбуудай 90 мянган тонн, хүнсний ногоо 10 мянган тонн, төмс 76 мянган тонныг тус тус хурааж авна.

-Ургац хураалтад ямар бэрхшээл тулгарч байна?

-Сүүлд хоёр удаа цасны орсны улмаас Сүмбэр, Жаргалант, Цээл зэрэг сумдад тариа налж, хураахад цаг их авч байна. Нэг талдаа сул явж, заавал налсан талаас нь орно. Үүнээс болж цаг, шатахуун их зарцуулж байна. Цээл сумын хувьд тариа налснаас бол хураах боломжгүй болсон. Үлдэж байгаа хоногуудад цаг агаар хэвийн техник, хэрэгслийн асуудалгүй бол ирэх долоо хоногийн сүүлээр талбайгаас ургац хураах боломжтой газруудаа бүрэн хураагаад дуусна.

-Хэчнээн хэмжээний ногоон тэжээл үйлдвэрлэв?

-Ногоон тэжээл 12 мянган га талбайд тариалж, найман мянган га талбайн үр тариаг ногоон тэжээл рүү шилжүүлсэн бөгөөд нийт 20 мянган га талбайгаас нэг сая 500 мянган ширхэг боодол ногоон тэжээл үйлдвэрлэж байна. Ногоон тэжээлийг унагаж, хатаагаад, цаг алдахгүйгээр бооход бэлтгэж байгаа. Нойтон боочихвол харлаж хадгалалт даахгүй болдог учраас ногоон тэжээл бэлтгэдэг олон жилийн туршлагатай иргэн, аж ахуй нэгж ажиллаж байна. Энэ жил ногоон тэжээл элбэг байгаа тул Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийнханд Төв аймгаас ногоон тэжээл борлуулах боломж бололцоо байна. Энэ талаар Дундговь, Булган, Төв, Өвөрхангай аймгууд  оролцсон Чилэнгийн бүсийн бүсийн зөвлөлийн хурал дээр ярилцсан. Хамгийн алс Сүмбэр суманд боодол ногоон тэжээл 4000 төгрөг, дунджаар 5500 төгрөгийн үнэтэй борлуулна. Мөн энэ жил тэжээлийн будаа ахиу хэмжээгээр гарах төлөвтэй байна. Томоохон тэжээлийн үйлдвэрүүд гурилын үйлдвэрүүдэд будаа тушааж байна. Эндээс сумдруу үйлдвэрийн үнээр тэжээл борлуулах гэрээ хийнэ.

-Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил хэдэн хувьтай байна вэ?

-Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил 85 хувьтай байна. Удахгүй аймгийн Засаг даргын нэрэмжит үзлэгээр сумдын өвөлжилтийн бэлтгэлийг эцэслэж, дутуу зүйлүүд дээр анхаарал хандуулна. Энэ жил мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг малчид эртнээс базаасан. Бэлчээрийн гарц, даац, ногоон массын хувь хэмжээ өнгөрсөн жилээс илүү, мал ч  тарга хүч гайгүй сайн авлаа. Бүх сумдууд өөрийн сумын нутагаас тодорхой хэмжээний хадлан бэлгэж, зарим хадлангийн салаанууд бэлтгэсэн өвсөө малчдад борлуулж байна. Төрөөс санхүүжилт шийдэгдчихдэг болохоор аймаг, сумын өвс, тэжээлийн нөөц хугацаандаа бэлэн болно. Энэ жил Төв аймагт махны үйлдвэрүүд аймгийнхаа малчин иргэдээс үхэр хонины мах авч бэлтгэж байгаа болохоор малчид ч гар дээрээ мөнгөтэй болсон. Өөрсдөө гар тэжээл, ногоон тэжээл, өвсөө давгүй базааж байна.

-Мах бэлтгэж экспортлох шинэ үйлдвэр ашиглалтад орсон. Энэ үйлдвэрийн тухайд?  

-Арабын нэгдсэн эмирт улс руу хонины махыг халаал аргаар бэлтгэх, зургаан цагт хоёр мянган бог нядлах хүчин чадалтай үйлдвэр Аргалант суманд ашиглалтад 20 гаруй хонож байна. Халаал арга гэдэг нь өрлөхгүйгээр цусалж төхөөрдөг арга юм. Арабууд өөсрдийнх нь сурсан технологиос өөр технологиор мах бэлтгэчихвэл тэд иддэггүй. Эднийх эхний ээлжинд 50 мянган бог авах захиалга өгсөн. Одоогийн байдлаар 10 мянган бог бэлтгэхээс гадна үйлдвэрээс гарсан гулууз махыг зах зээлийн дунджаар нэг кг-ийг 4500 төгрөгөөр бүсийн сумдууд руу нийлүүлж байна. Үүнээс гадна хэд хэдэн хээрийн бой, мах бэлтгэх жижиг үйлдвэр, цехүүд ажиллаж байна. Хурга ялгалтад хоёр жил ач холбогдол өгсөн, энэ жилээс үр дүнгээ өгч байна. Нийт төл малын 50 хувийг ялгаж, эх малын 50 хувь үржлийн стандартад нийцсэн. Өнгөрсөн сарын эхээр хурганы амьдын жинг үзэхэд дунджаар 17 кг байсан.  Махны үйлдвэрүүд дунджаар 15 кг-аас дээш гулууз гарахаар хурга, төлгийг нэг кг тутмыг 4500 төгрөгөөр авч байна.

-Оготно устгалын чиглэлээр ямар ажлууд зохион байгуулж байна вэ?

-Аймгийн хэмжээнд оготно хүндрэлтэй асуудал хэвээр байгаа. Оготны тархалтыг бууруулаад авах юм бол бэлчээрт хэрэгтэй байна. Энэ жил улсын хөрөнгө оруулалтаар таван суманд оготно устгалын ажил хийсэн. Устгал хийхдээ ихэвчлэн биологийн болон халдварт өвчин тараах боломжтой, зөвхөн оготно доо хүрч үйлчилдэг бактерийн хордуулсан будааг ашигласан. Мөн аймгийн Засаг даргын захирамжаар зургаан суманд шонхор шувуу барьж олсон орлогын тодорхой хэсгийн эргүүлээд оготно устгалд зарцуулах чиглэл өгсөн.

-Бэлчээр усжуулалтад хэрхэн анхаарч байна вэ?

-Төв аймагт энэ жил улсын төсвийн хөрөнгөөр 34 худаг гаргахаас 100 хувь, аймгийн хөрөнгө оруулалтаар 30 худаг гаргахаас 50 хувьтай байна. Энэ сарын 25 гэхэд бүх худгуудыг бүрэн хүлээж авч, малчдад хүлээгээд өгнө гэсэн чиглэлтэй байна.

-Тариалангчид тариа, будааны болц тааруу байгааг учирлаж байсан. Тариа будааны болц энэ жил ямар байна вэ?

-Будаа сүүн болц, аарцан болц цаашаа будаа болдог. Энэ жил үр тарианы болц тааруу сүүн ихэвчлэн болцтой байсан. Мөн энэ зун, намар бороо ихтэй байсан болохоор үндсэн будаа хатаж өгөхгүй тариан доороос подгоон түрж гарсан тохиолдол цөөнгүй байлаа. Подгоон түрнэ гэдэг нь үрийн будааны хажуугаар дахиад шинээр ногоон масс бий болж будаа ургахыг хэлдэг. Мөн энэ жил ногоон алаг тариан талбай олон байна. Тариаланчид будаагаа хатаахын тулд хамар гаргаж салхилуулах, сенегац, десегац эсвэл бага доозоор грипцит цацах технологи ашиглаж байгаа. Тарианы голоор эсвэл захалж тариагаа хурааж байна.

-Цаг уурын бэрхшээлийг хэрхэн даван туулж байна. Га-гаас авах ургацын хэмжээ өнгөрсөн жилээс нэмэгдэв үү?

-Өнгөрсөн сарын сүүлээр орсон хоёр цасаар зарим хэсгийн тариа налж, тариа хураахад цаг их алдаж байгаа ч тариаланчид налсан талаас нь комбайнаа зүтгүүлж байна. Нийт техникийг нийт талбайдаа хувааж үзэхээр болчихмоор ч ихэнх техник томоохон аж ахуй нэгжүүд дээр төвлөрч байна. Томоохон аж ахуй нэгжүүд хурдан дуусаад сулрахаар бусад иргэн аж ахуй нэгжүүд түрээсээр ашиглана. Гэтэл томоохон аж ахуй нэгжүүд өөрийн налсан талбайгаа дуусахгүй байхаар бусад аж ахуй нэгжүүд үр тариа хураалт удааширч байна. Энэ жил ангилангийн жаатаг, комбайн чухал хэрэгтэй байв. Одоо найман ангилангийн жатка, комбайнтай байна. Өнгөрсөн жил нийт ган тохиож тариаланчид гагаас 5-6 центр авч байсан бол энэ жил аймгийн дунджаар гагаас 14 центр буюу 100 мянган тонн будаа хурааж авах тооцоотой байна.

-Энэ жил хичнээн мянга га талбайд уринш хийсэн бэ?

-Энэ жил нийт 80 мянган га талбайд уринш хийхээс 70 мянган га хийсэн. Үлдсэн 10 мянган га нь цэвдэг учраас намар орой уринш хийнэ. Тариаланчид өмнө цулгуй уринш, буудай гэдэг байсан бол одоо цулгуй уриншийг багасгаж талбай ашиглалтыг сайжруулах чиглэлээр уриншаа булцуут ургамлаар хийж байна. Гэвч газар их чийгтэй болохоор уринш хийсний дараа эргээд ногоорсон талбайнууд цөөнгүй байгаа тул хавар эрт авах ажлууд гарч байна.

-Техник хэрэгслийн дутагдалтай байдлыг хэрхэн зохион байгуулах вэ?

-Цаашид богино хугацаанд хөрс боловсруулах, үрлэх, хаягдалгүй хураахад цомтгосон техник технологи ашиглах, аж ахуй нэгж иргэдийн дунд техник дундын үйлчилгээний төвүүдийг байгуулах шаардлагатай байна. Энэ  талаар аймаг холбогдох яаманд саналаа хүргүүлж, яам энэ чиглэлд анхаарлаа хандуулж байна. Төв аймгийн нийт төмсний 70 гаруй хувийг тариалдаг Жаргалант суманд техник дундын үйлчилгээ, тэр дундаа Европын холбооны улсын хамгийн сүүлийн үеийн төмсний комбайнаар богино хугацаанд ангилаад гаргадаг болоход анхаарна.

-Газар тариалангийн усалгааны асуудалд хэрхэн анхаарч байна вэ?

-Бид “худаг дагасан тариалан” гэсэн шинэ нэр томьёог гаргаж ирсэн. Нар, хур аясаараа сайхан байхад яваандаа ургац авчих нь гэдэг ойлголт байна. Зах хязгаар үзэгдэхгүй том газрыг ашиглах биш маш олон жижиг хэсгүүдэд хувааж хувь хүн бүр мянган га талбайг зуу зуугаар нь 10 хүн хуваагаад тариад, услаад явбал өндөр ургац авах боломжтой. 100 га талбайд усжуулалтын асуудлыг Дуслын усалгааны системээр шийдвэрлэх боломжтой. Дуслын усалгааны систем, резинийг урд хөршөөс зөөгөөд байлгүй  Төв аймгийн тариалангийн бүс нутагт дуслын усалгаа төхөөрөмж үйлдвэрлэдэг жижиг үйлдвэр байгуулснаар 10 га талбайд хүнсний ногоо тариалж байгаа иргэн, аж ахуй нэгжид дуслын усалгааны системийг газар дээр угсраад өгдөг болчихмоор байгаа юм. Гол усны ургацын 30 хүртэлх хувийг тухайн орон нутаг ашиглах эрхтэй байдаг. Хэрлэн гол манай аймгийн хоёр сум, Туул гол Мөнгөнморьт, Ширээтийн зах, Өргөн намаг, Заамар гээд явж байна. Энэ голуудын урсгалыг замаас 10, 20 км татаад усалгааны том нуур, цөөрөм бий болгох, аймгийн хөрөнгөөр дийлэхгүй Монголын төр үүнийг дэмжвэл боломжтой асуудал юм. Нуур байгуулснаар тухайн ойр орчмын микро элемент сайжирч, илүү их бороо ордог болно. Нуурыг цааш нь тойруулж 30 км явах замдаа тухайн орчныг услаад явах боломжтой энэ мэт голыг салгасан, хэрсэн усжуулалтын асар том бодлого байх ёстой. Усгүй тариалан, хүнсний ногоо, амьдрал гэж байхгүй. Ямар ч амьд организм усаар тэжээгдэнэ. Тэгэхээр усыг шийдсэн цагт бусад бүх асуудал дагаад шийдэгддэг. Саяхныг хүртэл хөрсөнд юм тарьчихаад хорвоогийн нар, хур, байгальд даатгаад, сүүлдээ тариаланг лам, бөө тарьдаг болох гээд “тэдний өдөр, тэгж тарь” гэдэг ч юм уу нэг нөхөр хадаг, яндартай ном уншаад байхаас илүү тариалангийн талбайг усжуулах, “худаг дагасан тариаланг” бий болгох, бага газраас эрчимжсэн ургац хурааж авах нь чухал байна.

-Хүлэмжийн аж ахуй, өвлийн хүлэмжийн чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?

-“Ган уужим компанид 80 сая төгрөгийн санхүүгийн тусламж үзүүлж, түрүүчээсээ тоног төхөөрөмж, материалуудаа урдаас Улаанбаатар хотод авчраад үйлдвэрлэж байна. Төв аймгийн Зуунмод суманд борлуулалтын салбараа нээсэн тус үйлдвэр Төв аймаг гэлтгүй бусад аймгуудад хүлэмжийн тоног төхөөрөмжийг борлуулж байна. Мөн одоо Зуунмод суманд байгаа гурван хүлэмжийн хотхон дээр нэмж Солонгос, Японы шууд харилцаат мужуудтай хамтран Зуунмод сумын урд, цэнгэлдэхийн ойролцоо хүлэмжийн шинэ парк байгуулж байна. Иргэд өөрсдөө тухайн хүлэмжээс шууд жимс, хүнсний ногоогоо хурааж авахаас гадна ундаа болгох, тавган дээр зүсүүлэх гэх мэт нэмэлт боловсруулалт хийлгэж болно. Аймгаас 200 гаруй сая төгрөгийн хөрөнгийг шийдсэн. Энэ жил  Солонгосын төсвийн жил нь болж байгаа эндээс нэмэлт санхүүжилтээ батлуулаад ирэх байх. Өвлийн хүлэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, ялангуяа ногоон масс ховордсон үед өвлийн хүлэмж дотроос ногоон масс гаргаж зах зээл борлуулах, хэрэглэгчдийг шинэ хүнсний ногоогоор хангахад анхаарлаа хандуулж байна.

ЭХ СУРВАЛЖ : MONTSAME.MN

Мэдээллийг түгээх