Шинэ технологи 218 0

МАРКЕТЕРУУДЫН ӨДӨР БА ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ЗАМ


Монголын үндэсний маркетингийн холбоо ТББ-аас жил бүрийн аравдугаар сарын 20-ны өдрийг “Монголын маркетеруудын өдөр” болгон зарлаж, 10 дугаар сарын 31-ны өдөр төрийн ордонд чуулганаа зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр модераторууд мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийг батлуулах, хувь хүмүүсийн өгөгдөл мэдээллүүдийн нууцыг хадгалах тухай болон хэрэв хувь хүн мэдээллээ алдаж, хэн нэгэнд ашиглуулснаар сөрөг үр дагавар үүсэх магадлалтай учир зохицуулах шаардлагатай гэж онцлон хэлэлцсэн юм. Үүний зэрэгцээ Монголын нөхцөлд маркетингийн менежерүүд зар сурталчилгааны менежер голдуу хийж, маркетерийн эрх, үүргийг эзэмшиж чадахгүй байгааг тодотгон шүүмжлэв.

Мөн цахим орчны  одоогийн судалгаанаас харахад 2-3 жилийн дараа бүх хүмүүс урт мэдээлэл, өгүүлэл уншихаа больж, богино хэмжээний контентыг хэрэглэдэг болно. Монголын цахим орчинд ямар нэгэн бизнес эрхэлж буй хүмүүс брэнд болон бараа бүтээгдэхүүн, орон сууцны зээл, үйлдвэрлэл зэрэг үйл ажиллагаа, мэдээллээ байршуулан цацаж байгаа ч зөвхөн ЛАЙК дарсан тоог хараад баясаад суух юм. 

Гэтэл бодит байдалд үйлчилгээ, бүтээгдэхүүнүүд нь хэрэглэгчдэд хэрхэн хүрч, компани үр өгөөжөө яаж хүртэж байгаа талаар нарийн судалгаа хийхгүй өнгөн талын зүйлийг харж байгаа нь маркетингийн буруу хандлага их байна. Цахим орчинд компани болон хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүд маркетингаа явуулах давуу тал байгаа хэдий ч удахгүй манай бизнесийн орчинд дижитал маркетинг нэвтрүүлэх цаг эхэлж байна хэмээн ярилцсан юм.

Энэ үеэр МҮМХ ТББ-ын УЗ-ийн дарга Ж.Золзаяагаас Монголын маркетеруудын өдрийн баярын мэнд хүргэе. Маркетерууд ололт, амжилт, ирээдүйгээ олж хардаг энэхүү чуулганы хамгийн гол ач холбогдлын талаар тодруулав.

Тэрээр “Монголын маркетеруудын өдрийг салбарын ололт амжилт, шинэ туршлага, бизнесийн бодит кэйс хуваалцах, мэргэжил нэгт нөхөдтэйгөө харилцаа холбоо тогтоох, нийгэмд эерэг өөрчлөлтийг түгээх, ажил мэргэжлээ сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулдаг.

Энэ жилийн маркетеруудын өдрийн онцлог нь Монгол Улсын Засгийн Газраас гаргасан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавъяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын “Тэмдэглэлт өдөр” хэсэгт “Монголын маркетеруудын өдөр”-ийг жил бүрийн аравдугаар сарын 20-ны өдөр тэмдэглэж байхыг албан ёсоор баталгаажуулж байгаа явдал юм.

Энэ салбарт 42 000 гаруй маркетингийн мэргэжилтэй хүмүүс, эрдэмтэн, багш нар болон ажлын ар талд ажилладаг залуучууд нэг өдөр баяраа тэмдэглэж, туршлагаа солилцож уулзалдаж байна. Дэлхий нийтэд цахим шилжилт биш дижитал буюу нийгмийн болон хэрэглэгчийн шилжилт хийгдэж байгаа их том шилжилтийн цаг үе ирээд байна. Компани болгон энэхүү шилжилттэй холбоотой шинэчлэлт хийж эхэлж байгаа юм. Жишээ нь, хувь хүний худалдан авах хэрэгцээ өөрчлөгдөж байна. Бидний хэрэглээнд технологийн дэвшлийн дагуу их өөрчлөлт орж байна. Энэ удаагийн чуулганд дөрвөн том хэлэлцүүлэг өрнөж, 400 гаруй компанийн 8000 гаруй маркетерууд оролцсон.

Энэ дэлхийд цахим орчин хөгжиж байгаа цаг үед хүмүүс хэлтэй л байвал бүх мэдээллийг ямар нэгэн цензургүйгээр авах боломжтой болсон. Ийм нөхцөлд илүү хурдтай хөгжихийн төлөө хүн бүр хичээх хэрэгтэй." гэж ярьсан юм.

-Монголын маркетеруудын өдөрт оролцож байгаадаа та ямар сэтгэгдэлтэй  байна вэ?

SIMATAI компанийн менежер Д.Гандирмаа:

Бидний ажил маркетингийн менежменттэй зайлшгүй холбоотой байдаг учир энэхүү чуулганд оролцож байгаадаа баяртай байна. Энэхүү чуулганд оролцож шинэ мэдээлэл авч, маркетингийн үйл ажиллагаандаа тусгах зорилготой оролцлоо.

Манай компани байгууллагын логотой бараа бүтээгдэхүүнийг захиалгаар нийлүүлдэг. Үйл ажиллагаа маань өргөжиж байна.

“Бумбод” констракшн гүйцэтгэх захирал Б.Саруул-Эрдэнэ:

-Монголд маркетеруудын үйл ажиллагаа болон маркетинг, менежментийн харилцаа ямар түвшинд хөгжиж байгаа гэж үздэг вэ?

Монгол улс зах зээлийн нийгэмд шилжихэд л ганзагны наймаачид, үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх хүмүүс маркетинг, менежментийн харилцааг анхнаасаа өөрсдийнхөө хэмжээнд өдийг хүртэл хөгжүүлсээр ирсэн. Одоогийн Монголын нөхцөлд маркетерууд олон улсын стандартад нийцсэн загвар дээр ажиллаж байна.

Энэхүү чуулганы үйл ажиллагааг цаашид хөгжүүлэхийн тулд олон залуучуудын санаа, бодлыг нэгтгэн цэгцтэй бодлогоор хэрэгжүүлж, дэмжиж ажиллавал Монголын маркетеруудын хөгжилд ахиц гарна гэж бодож байна. Мөн энэ арга хэмжээнд оролцсноор жижиг, дунд бизнес эрхлэгч, үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүстэй санал бодол хуваалцаж, танилын хүрээгээ тэлж, харилцан ажил хэрэгч харилцаа тогтоож байгаа нь залуучуудад эерэг байдлыг төрүүлсэн төлөв байдал ажиглагдлаа.Чуулганыг зохион байгуулсан бүх хүмүүст талархал илэрхийлж байна.

 “Бумбод” ХХК –ийн Маркетинг албаны дарга Г.Содномцог:

-Цахим орчинд компанийн үйл ажиллагаа, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг маркетингийн ямар аргаар яаж хөгжүүлж, борлуулвал үр өгөөжөө өгөх вэ?

Манай компани барилгын салбарт барилга угсралт, банк бус санхүү зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Байгуулагдаад 15 жилийн түүхтэй болж байна.

Энэхүү чуулганы гол сэдэв маркетингийн салбарт дараагийн удаад дижитал шилжилт хөдөлгөөн болох гэж байгааг онцлон ярилцсан. Салбарын магнайтууд энэ үеэр маркетингийн бизнесийн үйл ажиллагааг хэрхэн дижитал байдлаар явуулах боломжтой талаар хэлэлцүүлэг хийлээ.

Хэрэглэгчид сошиал орчинд байгаа мэдээллийн санд дижитал маркетинг хийж, компаниуд бизнесийн үйлчилгээ, бүтээгдэхүүний борлуулалтын сувгийг автоматжуулах ёстой гэсэн үндсэн агуулга яригдаж байна. Харин дижитал маркетинг Монголын нийгэмд нэвтрэхэд нэлээд хугацаа шаардагдана. Олон улсад нутагшаад тодорхой хэмжээний хугацаа өнгөрсөн.

 

www.ardchilal.mn Сурвалжилсан Б.БАЯРМАА

 

 

 

 

 

Мэдээллийг түгээх