Түүх соёл 167 0

УРАН БАЙГАЛИЙН ЗҮҮДЭЭ З.БАЯРМАГНАЙ БАГШ УРАН БҮТЭЭЛДЭЭ ДҮРСЭЛЖЭЭ


МУБИС-ийн багш, Урлагийн боловсролын тэнхмийн эрхлэгч, доктор, дэд профессор З.Баярмагнайн “Уран байгалийн зүүд” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт 10 дугаар сарын 27-ны өдөр болов.

Энэхүү үзэсгэлэн Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны хүрээнд ОШУСТ-д зохион байгуулагдаж байна. Энэ сарын 31-ныг дуустал үргэлжлэх үзэсгэлэнд уран зураг, зураасан зураг, сийлбэр, фото судалбар зэрэг дүрслэх урлагийн олон төрлийг багтаасан уран бүтээлүүд тавигджээ.

Уран бүтээлч, багш З.Баярмагнайгийн төрсөн эгч З.Зандармаа энэ үеэр дүүгийнхээ уран авъяас, бүтээлийн талаар ярихдаа “Би орос хэлний багш мэргэжлээр олон жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Миний дүүгийн уран бүтээлүүд үнэхээр гайхамшигтай юм. Дүү маань багаасаа зураг зурах авъяастай байсан гэж би боддог.

ЭГЧ З.ЗАНДАРМАА

Бид эхээсээ долуулаа. Миний хувьд дүүгээ багаас нь өвөр дээрээ авч өсгөдөг байлаа. Манайх монгол гэрт амьдардаг байв. Дүүгээ тэврээд сууж байхад монгол эсгий гэрийн хаалганы хээ рүү миний дүү их зүтгэдэг байлаа. Тэр үеэс эхэлж, зураг зурах сонирхол, авъяас нь төрсөн болов уу гэж би эгчийн хувьд боддог юм. 10-н жилийн дунд сургуулийн сурагч болж, хүүхэд байхаасаа эхлэн Баярмагнай маань их зурдаг болсон. Дунд сургуулиа төгсөөд Багшийн дээд сургуульд зураг хөдөлмөр, технологийн ангид сурч, төгсөөд багш болж, улмаар доктор болсон уран бүтээлч. Миний дүү уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ хамт олон болон олон түмэндээ сонирхуулж байгаад сэтгэл их өндөр байна. Байгалийн хад, мод, ууланд дүрслэлийг сайн гаргаж зуржээ. Яаж ингэж олж харж чадаж байна аа гэж эгчийн хувьд бишрэн бодож байна.” гэв.

Байгальд ургасан зүйлсийг ажигч гярхай олж хараад авч, санаанд оромгүй сайхан уран бүтээл хийжээ

АНГИЙН АНД З.АЛТАНХУЯГ

Нэг ангид хамт сурч байсан, мөн багшилж байгаад тэтгэвэрт гарсан Д.Алтанхуягаас З.Баярмагнай багш модон сийлбэр, байгалийн бүтээгдэхүүнээр уран бүтээл хийдэг юм байна. Та хамт сурч байсны хувьд уран бүтээлийнх нь талаар сэтгэгдлээ хуваалцна уу? хэмээн асуухад “1975-1979 онд УБДС-ийн зураг, хөдөлмөрийн ангид хамт сурч, төгссөн анд З.Баярмагнай мэргэжлээрээ дэвшилд хүрч, уран бүтээлийн бие даасан сайхан үзэсгэлэн гаргасанд талархаж байна.

Байгалийн тогтоц, байгальд ургасан зүйлсийг ажигч гярхай олж хараад авч, санаанд оромгүй сайхан уран бүтээл хийжээ. Уран бүтээлч З.Баярмагнайн хийсэн байгалийн зүйлс бидний энгийн амьдралд, байгальд байж л байдаг. Манай ангийн анд маань уран бүтээлч хүний нүд, сэтгэл ийм байдаг гэдгийг уран бүтээлээрээ харуулж байна. Эрхэм уран бүтээлч ангийн анд маань уран бүтээлдээ олз омогтой, ажил, амьдрал нь амжилтаар дүүрэн байг гэж нэг ангийн хамт олныхоо өмнөөс хүсэн ерөөе.” гэж ярьсан юм.

www.ardchilal.mn Сурвалжилсан Б.БАЯРМАА

 

 

 

Мэдээллийг түгээх