Нийслэл 110 0

“МОНГОЛ ХҮН” ХҮМҮҮЖЛИЙН АЯНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ II ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО


НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга, тэргүүлэгч Д.Мөнхжаргалын санаачлагаар, БСШУЯ, НБГ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа  “МОНГОЛ ХҮН” хүмүүжлийн аяны удирдах ажилтны II зөвлөгөөн өнөөдөр /2018.10.12/ Соёлын төв өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Н.Учрал, НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга, тэргүүлэгч Д.Мөнхжаргал, НИТХ-ын төлөөлөгч Н.Бат-Сүмбэрэл, НБГ-ын орлогч дарга Ц.Отгончимэг болон Нийслэл хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгч, сургалтын менежер, нийгмийн ажилтнууд оролцлоо.

Зөвлөгөөний үйл ажиллагааг нээж НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга, тэргүүлэгч Д.Мөнхжаргал хэлсэн  үгэндээ "НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооноос Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн дунд "Монгол хүн" хүмүүнлэгийн аяныг зарлаж, энэ хүрээнд хүүхдийн насны онцлогт тохирсон соёл хүмүүжлийн ажлыг үе шаттай зохион байгуулах, эх дэлхий, байгаль орчин, ургамал амьтныг  хайрлан хамгаалах сэтгэлгээг тэдэнд бий болгох, үндэсний соёл ухамсар, үүх түүхийн уламжлалаа эрхэмлэх, эх хэл соёлоо дээдлэх, сургууль-багш-суралцагч-эцэг эхийн холбоог бий болгоход чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлж,  хүүхэд багачуудын үндэсний  хүмүүжлийн  аяныг өрнүүлсэн сургууль, цэцэрлэгүүдийн дэвшилтэт, тэргүүн туршлагыг дэмжих, бусад сургуулиудад нэвтрүүлэх зорилгыг агуулж байгаа" гэв.

 

УИХ-ын гишүүн Н.Учрал зөвлөгөөний үйл ажилагаанд амжилт хүсэж хэлсэн үгэндээ "Би багшийн гэр бүлд төрж өссөн хүний хувьд багш нарынхаа жаргал, зовлонг сайн ойлгож байна. УИХ-аас "Багшийн хөгжлийг дэмжих тухай" хуулийг батлан гаргасан. Энэ хуулийн хүрээнд багш нарын ажлын гүйцэтгэлд суурилсан урамшууллыг олгодог журмыг Засгийн газраас батлан хэрэгжүүлэхээр болсон. Ингэснээр багш та бүхэн хийсэн ажлын үзүүлэлт, сургалтын чанараасаа хамаараад цалин урамшууллаа бодитой тооцуулах боломж бүрдэж байгаа юм. Мэдээлэл технологи өндөр хөгжсөн, хүүхэлд багачуудыг ухаалах утас, интернэтийн орчинд цаг заваа өнгөрүүлэх нь их болсон өнөө цагт НИТХ-аас санаачлан "Монгол хүн" хүмүүжлийн аяныг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон зөв зүйтэй ажил боллоо. Энэ ажлыг санаачлан хэрэгжүүлсний нь төлөө багш, эцэг эхчүүдийн нэрийн өмнөөс НИТХ-д талархал илэрхийлье"  гэв.

 

НИТХ-ын дарга С.Амарсайхан: "Улс орны хөгжлийн хөдөлгөгч хүч нь эрүүл, боловсрол мэдлэгтэй, хөдөлмөр бүтээлч, зөв ёс суртахуунтай иргэн байдаг. Багш сурган хүмүүжүүлэгчид та бүхэн хүүхэд багачуудад мэдлэг мэдээлэл олгохын зэрэгцээгээр тэдний бүтээлч хандлагыг дэмжих, аж ахуйч зан чанарыг төлөвшүүлэх, зөв хүмүүжил төлөвшил олгох зэрэг  эрхэм хүндтэй үүргийг хэрэгжүүлдэг хүмүүс. Хүүхдэдтэй ажиллана, хүүхдүүдийг сургана гэдэг хэн хүн хүссэн амархан ажил биш гэдгийг бид сайн ойлгож байна. Төр засгийн байгууллага, Нийслэлэээс "Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030", Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, "Нийслэлийн боловсрол -2020" дэд хөтөлбөрийг боловсролын салбарт хэрэгжүүлэхийг зорьж байгаа. Эдгээр хөдөлбөрийг үр өгөөжтэй хэрэгжүүлэх, үнэ цэнэтэй байлгах, хүүхэд бүрт хөтөлбөрийн агуулгыг хүргэх гол хүч бол эрхэм багш нар та бүхэн билээ. Та бүхэнгүйгээр бид ямарч сайхан хөтөлбөр, ямарч  сайн санаа байсан хүүхэд бүрт хүргэх, хөрсөнд буулгах боломжгүй учраас багш нартаа талархах учиртай" гэв.

Зөвлөгөөний үеэр "Монгол хүн" хүмүүнлэгийн аяны хүрээнд суралцагчидаа амжилттай зохион байгуулсан шилдэг байгууллагуудын туршлагыг харуулсан 10 минутын нэвтрүүлгийг НИТХ-ын Нийгмийн боловсролын  хорооноос бэлтгэн оролцогчидод үзүүллээ.  Мөн Соёлын төв өргөөний хүлээлгийн танхимд аянд оролцсон сургууль, цэцэрлэгүүд  аянтай холбогдуулан хийсэн  багш, сурагчдынхаа бүтээлийг дэлгэн үзүүлсэн байв.

"Монгол хүн" хүмүүнлэгийн аян нь цаашид ч үргэлжлэх бөгөөд  аяны  зэрэгцээгээр "Ногоон орчин-Танхимын бус сургалт" тэргүүн туршлага шалгаруулах арга хэмжээ, “Уншлагыг дэмжих-2021” төслийг хэрэгжүүлж байгааг  НИТХ-ын Нийгмийн бодлогын хороон дарга, НИТХ-ын тэргүүлэгч Д.Мөнхжаргал дурьдлаа.

Зөвлөгөөний үеэр "Монгол хүн" хүмүүнлэгийн аяныг сургууль, цэцэрлэг дээрээ амжилттай зохион байгуулж, шилдэгээр шалгарсан байгууллага, багш ажилтнуудад  шагнал гардууллаа.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Мэдээллийг түгээх