Хууль, эрхзүй 285 0

ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУУЛЬ ЗҮЙН БАТАЛГААГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА


Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Шихихутаг их сургуультай хамтран 10 дугаар сарын 12-нд "Хүний эрх, эрх чөлөөний хууль зүйн баталгаа: онол, практикийн асуудал" олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

Тус хурлыг нээж УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, Шихихутаг их сургуулийн захирал, профессор Д.Оюунцэцэг нар үг хэллээ. Мөн хурлын нээлтэд зориулж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, доктор, профессор Ж.Бямбадорж видео мэндчилгээ ирүүлснийг оролцогчдод үзүүлэв. Тэрбээр энэ өдрүүдэд Марокко Улсад Хүний эрхийн байгууллагуудын дэлхийн холбооны 13-р хуралд оролцож байгаа юм. 

"Хүний эрх, эрх чөлөөний хууль зүйн баталгаа: онол, практикийн асуудал" олон улсын эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржийн мэндчилгээг СОНИРХУУЛЪЯ.

"Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө, Монгол Улс 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд шинэ Үндсэн хуулиа баталж, анх удаа Монгол Улсад хүний эрхийг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн жишигт нийцүүлэн томьёолж, түүний хэрэгжилтийг хангах нь төрийн нэн тэргүүний үүрэг гэдгийг тодорхойлсон билээ. Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойших хорь гаруй жилийн хугацаанд суурь хуулийн үзэл санаа, зарчимд нийцүүлэн нийгэм, улс төр, эдийн засаг, эрх зүйн орчноо үндсэнд нь бүрэн хэмжээгээр өөрчилж, шинэчилж чадсан гэж хэлж болно. Хүний эрх нь бид ямар нийгэмд амьдрахыг хүсч байгаагийн илэрхийлэл, хүмүүсийн хооронд байх ёстой харилцааны талаарх хүсэл эрмэлзэл бөгөөд хүн бүрт олгогдох ёстой хүндэтгэл, олон нийтийн зүгээс дэмжин хөхиүлэх ёстой нийгмийн харилцааны үндэс юм.

Хүний эрхийг хүлээн зөвшөөрөх, хуульчлах, олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орох нь асуудлын зөвхөн нэг тал бөгөөд хамгийн чухал, хамгийн төвөгтэй, хамгийн хүнд ажил нь тэдгээр эрхийг хүн нэг бүр баталгаатай эдлэх эдийн засаг, нийгэм, хууль зүйн баталгааг бүрдүүлэх, зөрчигдсөн тохиолдолд эрхийг нь сэргээж, хохирлыг бүрэн барагдуулах явдал билээ. Монгол Улс НҮБ-ын батлан гаргасан хүний эрхийн суурь 18 гэрээний 17-д нь нэгдэж орсон үзүүлэлтээрээ дэлхийд эхний 10 улсын нэгээр нэрлэгддэг. Гэвч хүний эрхийг хуульчлах, олон улсын гэрээнд нэгдэж орох нь хүний эрхийн хууль зүйн баталгаа бүрэн хангагдсан гэсэн үг биш гэдгийг өнгөрсөн цаг хугацаа харуулж байна.

Хүний эрх, эрх чөлөөг хангах хууль зүйн баталгааг хууль тогтвортой үйлчилдэг, түүнийг төр, түүний албан тушаалтан хэлбэрэлтгүй хэрэгжүүлдэг, иргэд нь дагаж мөрддөг нийгмийн хандлага төлөвшсөн үед бүрэн хангагдах нөхцөл бүрджээ гэж үзэж болно. Цаашлаад хууль зүйн баталгаа нь үүрд тодорхойлогдон зурагдсан зүйл, нэгэн хэвийн ойлголт биш, хүн гэдэг үнэт зүйлийн мөн чанарт юуг эрхэмлэх ёстойг тодорхойлоход нийгмийн оролцоо, харилцан яриа хэлэлцүүлгийг байнга шаарддаг зогсолтгүй үйл явцаар тодорхойлогддог. Монголд энэ бүх нөхцөл хангалттай бүрдээгүй байна. Тэгвэл ХЭҮК, Шихихутаг хууль зүйн сургуулийн хамтран зохион байгуулж буй “Хүний эрх, эрх чөлөөний хууль зүйн баталгаа: онол, практикийн асуудал” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлаар энэ асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэж, зохих үр дүн гарна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлхээд та бүхний ажилд, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье." гэж хэлэв.

НҮБ-аас Хүний эрхийн түгээмэл тунхаглал баталсны 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй тус хуралд академич, МУИС-ийн эмерит профессор, Шихихутаг их сургуулийн хүндэт профессор С.Нарангэрэл "Хүний эрх, хууль зүй судлал", Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, доктор, дэд профессор П.Оюунчимэг "Монгол Улсын Эрүүгийн хууль тогтоомж дахь хүний эрхийн талаарх зохицуулалт: -Олон улсын гэрээ, хууль практик", Шихихутаг их сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, докторант П.Баянбаатар "Эрүүгийн хуулийг хэрэглэх тулгамдсан асуудал ба Хүний эрхийн баталгаа", тус сургуулийн Иргэн, бизнесийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч А.Доржготов "Хүний эрх ба шүүх", тус сургуулийн Магистр, докторын албаны дарга, доктор, профессор Ж.Бямбаа, Эрхүүгийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн Шүүх эрх зүйн тэнхимийн тэнхимийн ахлах багш Койсин Александр Анатольевич "Гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд био-илрүүлэгчийг ашиглах нь" зэрэг илтгэлийг тавиад байна. Хурал нэг өдөр үргэлжилнэ. 

Б.БАЯРМАА

Мэдээллийг түгээх