Засгийн газар 786 0

УЛСЫН ХЭМЖЭЭНД 1 САЯ ТОННООС ДЭЭШ ХАДЛАН БЭЛТГЭХ БОЛОМЖТОЙ


Засгийн газрын тогтоол, ХХААХҮ-ийн сайдын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан даалгавар гаргаж, аймаг, орон нутаг хүргүүлэхээр ажиллаж байна. ХХААХҮЯ зун, намрын отор нүүдэл хийх, малчдын хөдөлгөөнийг хянах постуудыг нэмэгдүүлэх, царцааны нүүдэлтэй тэмцэх, малчдад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх зэргээр өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж байна. Засгийн газрын тогтоолын дагуу энэ жил аймаг, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц болох 25.9 мянган тонн өвс, 14.7 мянган тонн тэжээл бэлтгэх юм. Бэлчээрийн ургамлын ургалт 8 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 90 орчим хувьд хэвийн, 10 гаруй хувьд буюу Ховдын ихэнх, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн зарим сумдад дунд, Увс аймгийн зарим нэг сумдын нутгаар муу үнэлгээтэй байгаа нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 50 хувиар сайн байна. Иймээс хадлан бэлтгэх боломж бүрэн бүрдсэн гэж үзэж байгаа аж. Энэ жил бэлчээрийн ургамлын ургац харьцангуй сайн. Өөрөөр хэлбэл, нэг га-гаас дунджаар 6-16 центр хадлан бэлтгэх урьдчилсан тооцоо гарсан байгаа бөгөөд улсын хэмжээнд 1 сая тонноос дээш хадлан бэлтгэх боломжтой гэж үзэж байна. Улсын хэмжээнд энэ жил хадланд том оврын 3661 дугуйт, бага оврын 6870 дугуйт трактор, 4364 тракторын хадуур, 849 морин хадуур,1253 тармуур, 500 хаман боогч, 2200 чиргүүл, 26 нуруулдагч, 1500 ширхэг гар хадуур зэргийг ашиглахад бэлтгэсэн. Аймаг, орон нутагт хадлан бэлтгэлийн ажил ид явагдаж байна. Одоогийн байдлаар Архангай аймаг 17 мянган тонн, Орхон аймаг 60 тонн, Дорноговь аймаг 400 тонн хадлан бэлтгээд байна гэсэн мэдээ ирүүллээ. 2018 оны ургацын урьдчилсан балансаар 86.3 мянган тонн ногоон тэжээл, гурилын үйлдвэрүүдээс 100-аад мянган тонн тэжээл үйлдвэрлэхээр тооцоо гарсан нь хүчит тэжээлийн хангамж хангалттай байхаар байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас орон нутагт өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулахын тулд малчид, баг, сум, аймгийн дунд өвс, тэжээл бэлтгэхийн тулд “Хадлан тэжээл-2018” болзолт уралдааныг зарлаад байна. Уралдааны болзол нь өвөлжилтийн бэлтгэл хангахад байгалийн хадлан, гар тэжээл бэлтгэхээс гадна отор нүүдэл, мал эмнэлгийн арга хэмжээг сайн зохион зохион байгуулсан, мал сүргээ эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээ авсан зэрэг үзүүлэлтээр өвөлжилтийн бэлтгэлийг хамгийн сайн хангасан аймгийг 15 сая, сумыг 10 сая, малчдын бүлэг /хоршоо/, фермерийг тус бүр 3 сая төгрөгөөр урамшуулж, өргөмжлөл олгон, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах юм.

Мэдээллийг түгээх