Номын ертөнц 747 0

"Өглөөний гайхамшиг" ном олон хүний амьдралын дадалд өөрчлөлт оруулж байна


Худалдаанд гарсан цагаасаа  таван долоо хоногийн турш бестселлерийн эгнээнд тасралтгүй орж байгаа “Өглөөний Гайхамшиг” олон хүний амьдралын дадалд салхи оруулж, тэднийг илүү эртэч нэгэн болоход тусалж буй. Өглөөний цагаа үр бүтээлтэй ашиглахад, хувийн ажил, амьдралаа илүү цэгцтэй төлөвлөхөд, өдрийн бүтээмжээ нэмэгдүүлэх хүсэлтэй хүн болгонд “Өглөөний Гайхамшиг” ном зориулагдсан гэвэл ононо. Номын бараг хуудас бүрт энэ талаарх аргачлал, зөвлөмж дурайх ажээ.

Бидний олонх нь өөрт олгогдсон цаг хугацаагаа хүрэлцэхгүй байна гэж чамлах нь түгээмэл. Өдрийн 12 цаг хангалтгүй байгаа талаар өрөөл нэгэндээ гомдол хүртэл мэдүүлдэг. Гэвч оногдсон цаг хугацааг өөрсдийн дураар өөрчлөх боломжгүй. Харин энэ байгаа цаг хугацаагаа хэрхэн үр дүнтэй өнгөрүүлэх боломжтойг “Өглөөний Гайхамшиг” бидэнд хариу болгон барьсан юм.

Хүмүүсийн хандлага, амьдралын хэв маяг алхам алхмаар өөрчлөгдөж байна. Маргааш бол үлдсэн амьдралын эхний өдөр. Тиймээс хайрлахаас, харам байхаас аргагүй юм. Бидний худалдаж авч чадахгүй зүйл бол цаг хугацаа. Ийм учраас олдсон агшин хором бүхэн энэ амьдралд үнэ цэнэтэй. Цаг хугацаа өөрөө бас нөөц, боломж байна. Хувь хүний хөгжил, бүтээмжийн асуудал сүүлийн жилүүдэд хамгийн их яригдах болсон.

Үүнийг дагаад цаг ашиглалт гэгч хөндөхөөс аргагүй сэдэв болж байна. Энэ төрлийн судалгаа, шинжилгээ хүртэл тодорхой түвшинд хийгдэж эхэлсэн. “Завгүй” гэсэн ажил, амьдралын зөрлөг дунд хэзээ нь бид өөртөө цаг гаргаж суралцах, унших, бодох, төвлөрөх, бусдад талархах, дасгал хөдөлгөөн хийх вэ. Энэ болгоны эрэлд гарсан хүмүүс “Өглөөний Гайхамшиг”-тай учирч, өөрсдийнхөө өмнө шинэ хуудас нээчихээд байна.

Монголд хэвлэгдээд удаагүй ч шилдэг борлуулалттай номын жагсаалтыг өнгөлсөөр байгаа “Өглөөний Гайхамшиг” хүмүүсийн зуршил болсон тааруу байдалд өөрчлөлт авчирч байгаа талаарх уншигчдын сэтгэгдэл цахим орчинд хөвөрнө. Үнэхээр л хувь хүн өөртөө нүдэнд харагдахуйц өөрчлөлт, шинэчлэлт хийж байгааг харах бахдалтай санагдана. Улс төр, бизнес, урлаг, спорт гээд салбар болгонд өөрсдийн тугаа хатгасан, амжилттай яваа эрхмүүд эртэч нэгэн байдаг. Тэд өглөөний цагийг хамгийн үр бүтээлтэй өнгөрүүлж, тэр цагт ажлаа төлөвлөх, эрүүл мэндэд тустай дасгал хөдөлгөөн хамгийн идэвхтэй хийж, үүнийгээ ч үр хүүхэд, гэр бүлдээ “өвлүүлсэн”[x1]  жишээ, түүх цөөнгүй. Амжилтын нууцаа ч өглөөтэй холбож тайлбарлах нь их.

Эрч хүчтэй, цовоо сэргэлэн, ажил үйлс нь үргэлж амжилттай урагшилдаг хүмүүсийг харахад тэд ч мөн адил өглөөг өөртөө “гайхамшиг” болгон ашигласан байдаг. Ирээдүйгээ илүү сайхнаар бүтээхийн тулд амьдралдаа нэг шинэ хуудас нээлээ гэж “Өглөөний Гайхамшиг” номын уншигч саяхан бичжээ. Хүний амьдрал зөвхөн унтах, идэхээр хэмжигдэхгүй. Тийм болохоор бүтээлч нэгэн байхад, өөрөө өөртөө, өрөөл нэгэнд гэрэл гэгээ нь болоход туслах гэсэн гэгээн санаа энэ номын амин сүнс нь.

“Туулсан амьдралаа эргэн хараад хийгээгүй, хийж болох байсан зүйлсдээ харамсахаас илүү гунигтай зүйл гэж үгүй” хэмээн “Өглөөний Гайхамшиг”-ийн зохиогч Хэл Элрод бичсэн энэ өгүүлбэр чих сортойлгоно. Амьдралд харамсах л хамгийн хүнд цохилт мөн.  Энэ болгоны дараа “Хэрвээ та орой бүр сэтгэл хангалуун орондоо ордог бол өглөө бүр шийдэмгий сэрэх болно” гэсэн өгүүлбэр залгаж байна.

Өглөөг хэрхэн угтан авахаас тэр өдөр бүхэлдээ ямар байх нь шалтгаалах гээд байдаг шүү дээ. Тэгэхээр өглөөг хэрхэн эхлүүлэх нь өдрийн үр дүнг тодорхойлдог. Орой бүр өөрийнхөө өнөөдөрт сэтгэл хангалуун байхын тулд шинэ өглөөг урам зоригтой, илүү ажил хэрэгч, сэтгэл амгалан угтаж авах нь юу юунаас илүү чухал. Тэгвэл оройг талархалтай угтах хүн өглөөг бүтээмж дүүрэн эхлүүлсэн байж таарна.

Ийм хүн илүү олон байх тусам энэ амьдрал илүү хялбар, бухимдах зүйлгүй, тэвдэх зовлонгүй байна. Эдгээрийг “Өглөөний Гайхамшиг”-ийн зохиогч дэлхий нийтэд хүсэж, өөрийн амьдралд нэвтрүүлсэн ололт, туршлагаа хуваалцсан нь энэ. Цаг мөчтэй тэрсэлдсэн гэмээр асар их хувьсал өөрчлөлтийн эрин цагт бид амьдарч байна. Хоцрохгүй, харин үүнтэй хөл нийлүүлнэ гэсэн итгэл үнэмшил хүн болгоны тархинд эртэч хүн байх, өглөөний цагаа сул орхих бус бүтээлчээр ашиглахад хөтөлж байна.

Мэдээллийг түгээх