Нийслэл 114 0

НИЙСЛЭЛИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 65 ХУВЬТАЙ БАЙНА


Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 65 хувьтай байгааг Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр өнөөдөр болсон Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанд танилцууллаа.

Улаанбаатар хотын хэмжээнд 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахаар 1104 ажил төлөвлөсөн байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 724 ажлыг бүрэн хэрэгжүүлжээ. Тухайлбал, Нийслэлийн дулааны эх үүсвэр болж буй 1, 2, 4, Амгалан дулааны станцийн бэлтгэл ажил 68 хувьтай байгаа бол "УБЦТС" компанийн бэлтгэл 64.4 хувьтай үргэлжилж байгаа юм. Дулааны цахилгаан станциудын бэлтгэл ажил ирэх сарын 15 гэхэд дуусах боломжтой байгааг Т.Гантөмөр дарга танилцуулгынхаа эхэнд дурьдлаа.

Тэрээр, "Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цас хайлуулах 352.5 сая төгрөгөөр 750 тонн бодис, 500 тонн давс нөөцлөх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна. Түүнчлэн нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 18 сургууль, 16 цэцэрлэг, 2 яслийн дээвэр, инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжид зайлшгүй засварлах шаардлагатай байгаа" гэлээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Ирэх сарын 15-ны дотор дулаан, ус хангамж, ариутгах татуургатай холбоотой бүх засварын ажлыг дуусгах ёстой. Энэ ажлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер хариуцна. Харин сургууль цэцэрлэгийн засварын ажлыг ирэх сарын 1-нд бүрэн дуусгах хэрэгтэй. Бид төлөвлөсөн ажлаа хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэвэл өвлийг өнтэй давж чадна" хэмээгээд нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өглөө. Мөн дээр дурьдсан сургууль, цэцэрлэгийн завсарт шаардагдах хөрөнгийг шийдвэрлэхээ мэдэгдэв.
Д.Болор-Эрдэнэ
Гэрэл зургийг Н.Батбаяр

Мэдээллийг түгээх