Аж үйлдвэр 406 0

Засаг дамжсан төслөө шоу болгочихгүй хэрэгжүүлэхсэн


Монгол улс  нефтийн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээгээ хангах боломж бүрдэж, газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг саяхан Дорноговь аймгийн Алтанширээ суманд тавьсан билээ. Хагас зуун жилийн мөрөөдлийг хэдхэн жилийн дотор хэрэгжүүлэх болсон нь бахархам үйл явдал, эдийн засгийн хувьд ч сайнаар нөлөөлөх зүйл. Гэсэн хэдий ч энэ том ажлыг эхэл амархан бүтээчихсэн мэт нээлтийн ёслолд бахархалтайгаар үг хэлэх нь ёс зүйн талаасаа анхаарах ёстой асуудал юм биш үү.

Шав тавих нээлтийн ёслолд оролцсон Бүгд найрамдах Энэтхэг улсын Дотоод хэргийн сайд  Ражна Сингх “Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолд оролцож байгаадаа баяртай байна. Манай хоёр улс олон зуун жилийн түүхтэй улс...” хэмээсэн нь тус  үйлдвэрийн бүтээн босгоход зөвхөн тавих ёслолд оролцсон хүмүүсийн  хөдөлмөр биш юмаа гэдгийг илэрхийлсэн. Анх 2011 онд Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНЭУ Ерөнхийлөгч хатагтай Эрхэмсэг хатагтай Пратибха Девисингх Патил айлчилснаар Монгол Энэтхэг улсын найрамдалт харьцаа шинэ шатанд гарсан. Энэ бол хоёр улсын цаашдын харилцаанд маш том түлхэц болсон гэдгийг ч эрдэмтэн судлаачид сайшаан үзсэн байдаг.

Мөн 2015 онд Монгол улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар БНЭУ-ын ерөнхий сайд Нерандра Моди Монгол улсад айлчлан ирж Энэтхэг улсын засгийн газар нэг тэрбум ам.долларын хөндөлттэй зээлийг олгохоор болсон. Энэ чухал уулзалт хэлэлцээрийг тухайн үед засгийн эрхийг баригчид маш овжинооор харж чадсан нь өнөөдрийн бидний шав тавих ёслолоо бахархалтайгаар нээж байгаа нефть боловсруулах үйлдвэр байгуулахад зарцуулахаар төлөвлөсөн ажлын нэг хэсэг билээ.

Дан ганц хүний гар барих үйл ажиллагаа бус олон хүний төлөвлөгөөт ажил гэдгийг манайхан харж чаддаг байх нь чухал. Нэг ёсондоо газрын тос боловсруулах үйлдвэр баригдах үйл явц, төслүүд нь сайн хэрэгжсэний үндсэн дээр өнөөгийн нөхцөл байдал бүрэлдээд байгааг харах хэрэгтэй. Мөн үүнд 2016 онд байгуулагдсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар нефть боловсруулах үйлдвэрийн шаардлагатай ажлуудыг эхлүүлж, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийг өнгөрөгч оны дөрөвдүгээр сард байгуулж байсныг дурьдах нь зүйтэй.

Манай улс шатахууны хэрэглээндээ сар бүр  ойролцоогоор 40-50 сая ам.долларыг гадагшаа урсгаж, оргил үедээ  жилд нэг тэрбум 200 сая ам.долларыг зөвхөн нефтийн бүтээгдэхүүнд зарцуулдаг гэсэн тоон үзүүлэлт байдаг байна. Харин газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл явагдаж эхэлснээр эдгээр тоон үзүүлэлтүүд буурч, эдийн засгийн эерэг өөрчлөлтүүд гарах боломж бүрдээд байгаа юм. Энэ бол маш том боломж. Хоёр гурван засаг дамжин хэрэгжиж буй  энэ том боломжоо манайхан карьер хөөсөн шоу төдий зүйл болгоод өнгөрөөчихгүй байгаасай. Шатахууны үнэ тэнгэрт хадаж хүссэн үедээ үнээ нэмдэг дарамтаас салах боломж олгож байгаа нь сайшаалтай Үүнийгээ цаашид үр дүнтэй  хэрэгжүүлээд хувийн ашиг сонирохлоор бус ажил хэрэгч үүднээс хандахыг эрхэм тэргүүлэгчид анхаарах байлгүй дээ.

Эх сурвалж: Ardchilal.mn

Мэдээллийг түгээх