Түүх соёл 537 0

Д.Отгонсүрэн: Чойжин ламын сүм музейд язгуурын таван бурхны нэг, босоо Майдар бурхан ч байдаг


Чойжин ламын сүм музей байгуулагдсаны 110 жилийн ойд зориулсан хутагт Лувсанхайдав, түүний сүм, музейн түүхэн гэрэл зургаас бүрдсэн “МОНГОЛ ТӨРИЙН САХИУСНЫ ӨРГӨӨ 110 ЖИЛ” сэдэвт гэрэл зургийн цомог, гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр Norphei art галерейд нээлтээ хийлээ. Үзэгч олны хүртээл болсон энэхүү үзэсгэлэн 6-р сарын 30"ныг хүртэл үргэлжилнэ. 

Norphei Art Gallery-н зураг.

Тус сүм музей нь ном, тарнийн хүч оршсон тусгай хамгаалалттай газар юм байна. Тиймээс Чойжин ламын сүм музейн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг маш их хүмүүс үзэж, сонирхож байлаа.

Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат: Чойжин ламын музейн 110 жилийн ойд зориулж түүхээс нь харуулсан сонгомол гэрэл зургийн бүтээлүүдийг дэлгэсэн байна. Зах зээлийн хүнд үед өв соёлоо дээдлэдэг олон түмний буянаар энэхүү үзэсгэлэнг гаргалаа. Гайхамшигт өв соёлоо хайрлаж, хамгаалдаг, мэдэрдэг хүмүүсийн туслалцаа дэмжлэг хэрэгтэй байгаа юм. Ийм хүмүүс олон болсон нь сайхан байна. Манай Чойжин ламын сүм шөнийн музейг долоодугаар сараас үзүүлдэг уламжлалтай. Шөнийн музейн үзэсгэлэнг Германд энэ зун гаргахаар төлөвлөж байна.

Гама гэрэл зургийн захирал С.Цацрал: Чойжин ламын сүм музейг Улаанбаатарчууд сайн мэднэ. Энэ сүм музейгээс үе үеийн судлаач, жуулчид, эрдэмтэд маш олон зураг авсан байдаг. Тэдний авсан түүхт гэрэл зургаас нэгтгэсэн 100 гаруй гэрэл зурагтай каталогийг бид хэвлэж гаргалаа. Энэ удаагийн үзэсгэлэнд 50 шилдэг гэрэл зургуудыг дэлгээд байна.

Norphei Art Gallery-н зураг.

Энэ үеэр Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэнтэй ярилцлаа

-Чойжин ламын сүм музейн түүхийг харуулсан сонгодог, маш сайхан гэрэл зургууд тавигджээ. Үзэсгэлэнгийн онцлог нь юу вэ?

-Энэ жил Чойжин ламын сүм байгуулагдсны 110 жилийг ой тохиож байна. Ойн хүрээнд олон ажил төлөвлөсний нэг нь Чойжин ламын сүм музейн үзэсгэлэн юм. Чойжин ламын сүм музей Нийслэл хүрээнд байгуулагдснаас эхлээд өдгөөг хүртэл ямар түүхийг туулж ирсэн талаархи үйл явдлын гэрэл зургууд үзэсгэлэнд тавигдсан.

Бид Чойжин ламын сүм дуган анх ямар цогцолбор төрхтэй байсан, хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд хэрхэн сүйтгэгдэж байсан болон өнөөдрийг хүртэл ямар төрх байдалтай байгааг харуулж дэглэсэн юм. Мөн Чойжин ламын сүм музей нь хэдийгээр хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд устаагүй ч 600 000 гаруй үзмэртэй, хосгүй үнэт үзмэрээс бүрдсэн байдаг. Эдгээр бүтээлүүдээс дээжилж үзэсгэлэнд тавьснаас гадна “Монголын төрийн сахиусны өргөө-110 жил” нэртэй цомгийг хэвлэн гаргасан нь гол онцлог боллоо.

-Чойжин ламын сүмийн гал голомтыг тодорхойлсон хамгийн том үнэт бүтээлээс та нэрлэнэ үү?

-Чойжин ламын сүм музейд Монголын анхдугаар Богд өндөр гэгээн Занабазарын мутарын бүтээлүүд хадгалагдаж байдагт бид бахархдаг. Мөн мутрын болон сургууль хийцийн бүтээлүүд үзэсгэлэнд тавигдснаар онцлогтой. Чойжин ламын сүм музейд язгуурын таван бурхны нэг, Босоо Майдар бурхан ч байдаг. Майдар төслийн хүрээнд суугаа Майдар бурхныг Дашчойлон хийдэд одоо бүтээн босгож байгаа.

-Майдар бурхныг дээдэлж байгаа нь ард түмэнд юуг бэлгэддэг вэ?

-Майдар бурхан бол ирээдүй хойч үедээ эрүүл энх, сайн сайхан, аз жаргал бүхнийг бэлгэдэж байдаг. Аливаа бурхан бүр өөр өөрийн бэлгэдэл, утга чанартай байдаг. Майдар бурхныг ирээдүй цагийн бурхан ч гэж монголчууд нэрлэдэг. Тиймээс ирээдүйд бүх зүйл сайн сайхан болно гэсэн утгатай бурхан юм.

-Дэлхийд Чойжин ламын сүм музей нь яаж үнэлэгдэж байна вэ?

-Бид дэлхийн дахинтай хөл нийлүүлэхээр хичээн ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд Чойжин ламын сүмийн шөнийн музейг ажилуулдаг болсон. Дэлхийд сүм музейгээ танин мэдүүлэхийн төлөө ажиллаж байна. ХБНГУ-д өнгөрсөн жилд болон дэлхийн 100 гаруй  оронд шөнийн музей зохион байгуулагдаж байна. Бид 2011 оноос хойш шөнийн музейг зохион байгуулсан. Үзэгчид манай сүмийн тухай шинэ зүйл үзэж байгаа нь онцлог юм. Ялангуяа залуучууд ажлаа тараад музей яагаад үзэж болохгүй билээ. Бид хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлаа сахиж шөнийн музейг ажилуулж ирсэн уламжлалтай. Монголчууд дэлхий дахинаас 21 жилийн  хойно хоцроогүй хөл нийлүүлэн алхаж байгаа.

Сурвалжилсан Б.Баярмаа

Мэдээллийг түгээх