Нийслэл 423 0

Цогц мэдлэг: Ямар төрлийн арьсыг хэрхэн арчлах вэ?


Чи өөрийнхөө ямар төрлийн арьстайг мэдэх үү? Бидний биеийг бүрхэн байдаг арьсны дайвар эрхтэнд үс, хумс, хөлс ба тосны булчирхай багтдаг. Тосны булчирхайн байршил болон хөлс ялгаруулах үйл ажиллагаанаас шалтгаалан арьсыг хэвийн, тослог, хуурай, холимог гэж 4 төрөлд хуваадаг боловч эмзэг арьс арьсны шинжийг нэгээр нэмэн ихэнх тохиолдолд олдмол шинжээр бий болдог ажээ. Эдгээр арьсны төрлүүд нь бүгд өөр өөрийн гэсэн цэвэрлэгээ арчилгаа, чийгшүүлэх, хамгаалах аргатай ба огт арчлахгүй эсвэл буруу арчилгаанаас үүдэн арьс эмзэгшиж, батга, сэвх, нөсөө, үрчлээ, үрэвсэл, нүхжилт, сорви үүсдэг.

Цогц мэдлэг: Ямар төрлийн арьсыг хэрхэн арчлах вэ?
Арьс арчилгааг зөв хийхийн тулд арьсны төрлөө тодорхойлсныхоо дараа тухайн онцлогт тохируулан зөв бүтээгдэхүүн авч арчлах хэрэгтэй. Нүүрны арьс арчилгаа бол арьсаа сайтар цэвэрлэх, эмчлэх, тэтгэх болон хамгаалах гэсэн 3 ерөнхий зорилгыг биелүүлэх цогц үйл явц юм.

Монгол бүсгүйчүүлийн маань ихэнх нь холимог, эмзэг арьстай байдаг аж. Үүний шалтгаан нь байгаль цаг уурын эрс тэс байдал, арьс арчилгааны мэдлэг дутмаг, арьсаа сайн арчилдаггүйгээс үүдэлтэй ажээ. Арьсандаа тохирохгүй бүтээгдэхүүн хэрэглэхэд арьс улайж, тууралт гарч, загтнах тохиолдол байдаг. Энэ үед бүсгүйчүүд маань өөрийгөө эмзэг мэдрэмтгий арьстай гээд оношилчихдог. Гэтэл нэг л бүтээгдэхүүн таараагүйгээс өөрийгөө ингэж оношилж болдоггүй. Учир нь нэгт тухайн бүтээгдэхүүн өөрөө арьсыг цочроох хүчтэй найрлагатай, хоёрт чиний арьсны онцлогт тохирохгүй эсвэл буруу хэргэлснээс болж дээрх шинж тэмдгүүд илэрч болно. Мөн бид үрэвсэл, харшил гарсан хэсэгтээ тохирох бүтээгдэхүүн хэрэглэх биш нүүрээ бүхэлд нь арчлах бүтээгдэхүүн сонгодог. Энэ нь бидний том алдаа юм. Сүүлийн жилүүдэд мэдрэмтгий арьстай хүмүүс 60 хувиар нэмэгдсэн гэсэн судалгаа байна. Энэ нь химийн хүчтэй найрлагатай, өөрт тохирохгүй бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хэрэглэсэн болон буруу арчилгаанаас үүсчээ.

За юутай ч эхлээд бүгдээрээ өөрсдийнхөө “жинхэнэ” арьсны төрлийг олцгооё:
Арьсны төрлийг тодорхойлдог гоо сайхны эмнэлэг, салонууд байдаг шүү дээ. Тэдгээр газарт очоод тодорхойлуулж болох ч хэрвээ чиний зав гарахгүй эсвэл арьс чинь чиний мэдлээс тэгтлээ гарчихаагүй бол доорх зааврыг уншаад өөрөө тодорхойлж болно.

1. Нүүрээ цэвэрлэж, угаасныхаа дараа арчилгүйгээр хатаана. Ямар ч бүтээгдэхүүн түрхэж болохгүй шүү. Харин 30 минутын дараа тод гэрлийн дор зогсоод нүүрнийхээ арьсыг ажиглаарай. Хэрвээ арьс чинь ямар ч чийггүй, мөн таталдаж байвал хуурай, хамар дух хэсгээрээ гялалзаж байвал хэвийн эсвэл холимог, хацар, дух, хамар, эрүү хэсгүүдээр гялалзвал тослог арьстай гэсэн үг.
2. Хөлс болон нүүрэн дээрх тослогийг шингээж авдаг зориулалтын цаасаар арьсныхаа төрлийг мөн тодорхойлох боломжтой. Нүүрээ цэвэрлээд бүрэн хатсаны дараа цаасаа арьсандаа нааж үзнэ. Хэрвээ тод гэрэлд барихад цаасан дээр чинь юу ч байхгүй байвал хуурай, хамар, дух хэсгээс тос наалдсан байвал холимог, хэрвээ хацар дух, хамар гэх мэт газраас цаасанд чинь тос шингэсэн байвал тослог арьстай гэж тодорхойлж болно. Цаасан дээр ямар ч тослог ялгараагүй боловч арьс чинь таталдаж, холцруутаж, загтнаж эсвэл хацарны судас нь ил гарч улайсан бол эмзэг мэдрэмтгий байна гэсэн үг. Мөн хамар, дух, эрүүгээр тослог хэрнээ хацар хэсгээрээ эмзэг мэдрэмтгий арьсны шинж тэмдэг илэрч болно.
3. Дээрх аргуудаар үзээд арьсаа тодорхойлж чадахгүй байвал мэргэжлийн эмч, гоо сайханд хандаарай.
Арьсны төрлөө тодорхойлсон бол одоо энэхүү арьсаа хэрхэн арчлах зөвлөгөөтэй танилцъя:

1. Хэвийн арьс
Таталдаж хуурайшдаггүй, батга гардаггүй арьс бол хэвийн арьс. Хэрвээ чи хэвийн арьстай бол үнэхээр азтай юм. Гэхдээ арчилгаагаа зөв хийж, зөв бүтээгдэхүүн хэрэглэж, арьсныхаа балансыг тэнцвэртэй барих нь чухал. Үгүй бол буруу арчилгаа эсвэл бүр арчлахгүй байснаас болж хэвийн арьс ч эмзэг мэдрэмтгий болж болно. Хэвийн арьс нь толигор, өнгөлөг, нүхжилт багатай, хөлс тосны булчирхайн үйл ажиллагаа нь тогтвортой байдаг учраас хэт их тос, хөлс ялгаруулдаггүй, цочромтгой биш байдаг. Хүүхэд болон залуу хүмүүс хэвийн арьстай байх нь элбэг бөгөөд эртнээс зөв арчилбал хөгширтлөө арьсаа сайхан хэвээр нь хадгалах боломжтой байдаг юм.

Бүтээгдэхүүн сонгохдоо бүх төрлийн арьсанд гэсэн заалттайг сонгоход буруудахгүй ч аль болох чийгшил өгөхийг нь сонгож байгаарай. Учир нь бид эрс тэс уур амьсгалтай, бохирдол ихтэй хотод амьдарч байгаа болохоор арьсныхаа чийгийг үргэлж өндөр байлгаж байх хэрэгтэй. Мөн долоо хоногт нэг удаа гуужуулж, 2-3 удаа тэжээлийн маск тавин, хэт хүчтэй найрлагагүй бүтээгдэхүүн сонгон хэрэглэж байх нь чухал шүү.

Хооллолт - Хэвийн арьстай хүмүүс жимс, хүнсний ногоог хүнсэндээ сайтар хэрэглэх хэрэгтэй. Тэр тусмаа тод өнгийн жимс арьсанд маш эерэг нөлөөг үзүүлдэг. Учир нь хүнсний ногооны өнгө “каротенойд” хэмээх нэгдлийг агуулдаг бөгөөд энэ нь арьсны эд эсийг нөхөн төлжихөд туслах А витамин болж хувирдаг. Мөн “ЭДГЭЭР”олон нэр төрлийн жимс, хүнсний ногоо нь коллагеныг нөхөх, витамин С-ээр хангах шидтэй учраас нүүрний арьсыг эрүүл хэвээр нь хадгалдаг юм.

2. Хуурай арьс
Хэрвээ нүүрээ цэвэрлэсний дараа арьс чинь таталдах мэдрэмж төрөх, амархан холцруутах, хялгасан үрчлээ үүсч, цагаан батга ихээр гардаг бол чи хуурай арьстай юм байна. Хуурай арьс нь өсвөр насанд маш цэвэрхэн, нимгэн цагаан харагдах боловч арьсны арчилгаа дутагдах, өвөл, зуны эрс тэс агаар, хуурайшилт зэрэгт маш амархан өнгөө алддаг. Хуурай арьс нь чийгшил дутагдсан үед инээх, хөмсгөө зангидах гэх мэт нүүрний хөдөлгөөн хийхэд л хялгасан үрчлээ үүсчихдэг сул талтай. Мөн наранд удаан байх, хөдөө явах, нас ахих, эрүүл мэнд муудах зэргээс болж амархан сэвх толбо үүсэн, үрчлээтдэг. Тиймээс арьсаа уйгагүй зөв арчлан, өөрт тохирсон чийгшүүлэгчтэй бүтээгдэхүүн хэрэглэж, чийгээр дутаахгүй байснаар хэвийн арьс шиг сайхан хэвээр нь хадгалах боломжтой юм.

Энэ тохиолдолд эхлээд будгаа тосон цэвэрлэгчээр эсвэл сүүн шингэнээр арилгаад дараа нь хөөсөөр угааж, араас нь чийгшүүлэгчээ заавал түрхэх шаардлагатай байдаг. Цэвэрлэгээ хийсний дараа чийгшүүлэгч түрхээгүйгээс арьс улам бүр хуурайшдаг. Нүүрний будгийн үлдэгдэл ба бохирдлыг үр дүнтэй арилгахын тулд тоник хэрэглээрэй. Тоник нь чийгшүүлэгч тосыг арьсанд илүү гүн шингэхэд тусалдаг.

Бүтээгдэхүүн сонгохдоо спирт болон хэт хүчилтэй найрлагатайг сонгохоос зайлсхийж, аль болох зөөлөн найрлагатай, тосон суурьтай, чийгшил сайн өгөхийг нь бодолцон бүтээгдэхүүнээ авах нь чухал юм. Бүтээгдэхүүний найрлагад коллаген, гиалуроны хүчил, эластин агуулсан байвал илүү өндөр үр дүнтэй байдаг.Түүнчлэн нарны тосыг марталгүй өдөр бүр түрхдэг байх шаардлагатай. Ингэснээр нарны хэт ягаан туяанаас арьсаа хамгаалж, залуу хэвээр нь хадгалах боломжтой. Мөн далайн ургамлын найрлагатай бүтээгдэхүүнд чийгшил ихээр агуулагддаг тул энэ төрлийн бүтээгдэхүүн хуурай арьсанд сайн тохирдог.

Хооллолт: Хуурай арьстай хүмүүс хооллолтондоо анхаарч ус сайн уух хэрэгтэй бөгөөд спирт, кафэйн гэх мэт биеэс шингэн хөөх зүйлсээс татгалзах нь зүйтэй. Шим тэжээлийг биед оруулж, биеэс хэрэгцээгүй бодисыг гаргахад арьсны эд эсэнд шингэн шаардлагатай. Ус болон ногоон цай нь шингэнийг төдийгүй үл исэлдүүлэгчийг хангаж өгдөг тул өдөрт 1,5-2л шингэн ууж байгаарай. Мөн загас идэх нь уургийг сайн нөхдөг бөгөөд арьсны коллаген болон эластинийг идэвхжүүлдэг. Түүнчлэн үрэвслийг бууруулж, арьсыг эрүүлжүүлэхэд тусалдаг омега-3 тосны хүчил агуулагдаж байдаг.

3. Тослог арьс
Тослог арьс нь тосны булчирхайн идэвхтэй үйл ажиллагаатай холбоотойгоор тос дааварлан, арьсны нүхүүд нь томорч нүхжилт үүсэн, бохирдон идээлж үрэвсэхдээ амархан байдаг. Ихэвчлэн шилжилтийн насан дээр тосны булчирхай тосыг ихээр ялгаруулж батга гарах, үрэвсэх байдал илэрнэ. Иймд арьсаа залуугаас нь зөв цэвэрлэх, хоолны дэглэм, эрүүл ахуйдаа анхаарах шаардлагатай. Тослог арьсны давуу тал нь нас ахих тусам тослогийн хэмжээ багасч үрчлээтэх нь бага байдаг. Арьс арчилгааг дутуу хийх, эсвэл арьсаа цэвэрлээгүйгээс шалтгаалан нүүрний илүүдэл тос бөглөрснөөр батга, үрэвслийг үүсгэдэг. Тиймээс гуужуулагч хэрэглэж арьсаа гүн цэвэрлэн тослогийг тэнцвэржүүлж байх нь чухал юм. Харин цэвэрлэгээ болон гуужуулагчийн дараа арьсны нүхийг агшаах бүтээгдэхүүнийг мартаж огт болохгүй шүү.

Бүтээгдэхүүн сонгохдоо аль болох нүхжилт, үрэвслийн эсрэг гүн цэвэрлэх найрлагатай, усан суурьтайг сонгох нь зөв юм. Найрлагандаа балжингарав цэцгийн ханд, келандул, төлөгч цэцгийн ханд /байгалийн батга, үрэвсэл, шарх сорив эдгээгч/ агуулсан бүтээгдэхүүн сонгохыг хичээж байгаарай.

Өглөө оройд нүүрээ хөөсөн цэвэрлэгчээр цэвэрлэж, арьсны цэвэрлэгээгээ гүйцэд зөв хийх нь чухал. Найрлагандаа салицилийн хүчил буюу шингээгч агуулсан нөсөө толбыг арилгаж арьсны өнгийг жигд болгогч цэвэрлэгч бүтээгдэхүүн илүүтэй тохирно. Арьсныхаа тослогийг багасгахын тулд байнга хүчтэй найрлагатай гуужуулагч, гүн цэвэрлэгч бүтээгдэхүүн хэрэглэх нь буруу юм. Учир нь натрийн луритийн сульфат, аммиакийн сульфатийг найрлагандаа агуулсан бүтээгдэхүүн хэрэглэсний дараа цэнгэг, хөнгөн мэдрэмж төрүүлдэг боловч угаах тусам тослог ялгаралтыг ихэсгэхээс гадна арьсны өнгөн давхаргыг гэмтээх аюултай. Тослог арьстай хүмүүс арьсныхаа хуурайшилт болон тослогийн балансийг тэнцвэржүүлэх тал дээр илүү анхаарах хэрэгтэй байдаг. Тиймээс тоник болон чийгшүүлэгчийг арьс арчилгаандаа хэрэглэх нь зүйтэй. Нүүрний суурь кремний доор нүхжилтийг багасгах, тослогийг тэнцвэржүүлэх base хэрэглэж байгаарай.

Хооллолт: Батгатай хүнд хамгийн сайн хүнс бол ногоо, шош, үр тариа байдаг. Мөн ус сайн уух хэрэгтэй. Хатаасан чангаанз, манго, лууван, өндөгний шар, бууцай болон амтат төмс түлхүү хэрэглээрэй. Тослог арьстай хүмүүсийн арьс үрэвсэх хандлагатай байдаг ч хоолны дэглэм сайн баривал үрэвслийг багасгах боломжтой. Хамгийн гол нь хоол хүнсэндээ ханасан тос буюу ургамлын тос, масло хэрэглэхгүй байх нь зүйтэй.

4. Холимог арьс
Холимог арьс нь Т -бүс буюу дух, хамар, эрүү, U-бүс буюу хоёр шанаа хэсгээр тослог, бусад хэсгээр хуурай байдаг. Ийм төрлийн арьсыг арчлахад нэлээд ярвигтай байдаг бөгөөд тослог газраараа үрэвсэж бусад газраараа хуурайшдаг. Батга гардаг гээд чийгшүүлэгчийг тоохгүй байж болохгүй. Нүүрнийхээ хуурай хэсэгт тохирох чийгшүүлэгчийг сонгон түрхэж, харин гуужуулагч, гүн цэвэрлэгч бүтээгдэхүүнийг Т хэсэгтээ илүү сайн анхааран хэрэглэх нь зөв юм. Ерөнхийдөө чи холимог арьстай бол нүүрээ 2 хэсэг хэмээн бодож асуудал бүрт нь тохирсон бүтээгдэхүүн, арчилгааг хийх хэрэгтэй.

Бүтээгдэхүүн сонгохдоо аль болох усан суурьтайг нь сонгон хэрэглэж, асуудалтай хэсгүүддээ зориулсан бүтээгдэхүүн авч дээр хэлсэнчлэн тус тусад нь тулж ажиллах нь зүйтэй юм. Жишээлбэл эрүү хэсэгт чинь батга гарсан бол батга хатаах үйлчилгээтэй тосыг зөвхөн тэр хэсэгтээ түрхэнэ, хацар дээр чинь нөсөө толботой бол тэр хэсэгтээ л тохирсон бүтээгдэхүүн хэрэглэнэ гэх мэтчилэн. Холимог арьстай бүсгүйчүүлийн гол алдаа бол арьсандаа нэг л төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг явдал юм. Хэдий шударга бус ч гэлээ арьсаа сайхан хэвээр нь удаан хадгалахыг хүсвэл хэсэг тус бүрт тохирсон бүтээгдэхүүн сонгож хэрэглэх хэрэгтэй. Нүүрний хэсэг тус бүрийг зөв арчлаагүйгээс болж арьс улам эмзэгшдэг. Мөн найрлагандаа балжингарав цэцэг /арьсыг зөөлрүүлж өнгөлөг болгох/, таван салааны ханд/нян устгах, үрэвслийг намдаах үйлчилгээтэй/, шалфей цэцгийн ханд орсон бүтээгдэхүүн авбал энэ төрлийн арьстай хүмүүст илүү тохирдог. Харин бүтээгдэхүүний хориглох заалтанд тослог арьстай ижил натрийн луритийн сульфат, аммиакийн сульфат орно. Эдгээр нь батгашилт, үрэвслийг улам нэмэгдүүлж, арьсыг гэмтээх аюултай байдаг. Маскны хувьд шавран маскыг Т бүстээ тавьж байвал хар, цагаан батга арилахад тусалж мөн нүхжилт үүсэхээс сэргийлнэ. Харин хацар хэсэгтээ чийгшүүлэх, тэжээл өгөх зөөлөн чанарын маск хэрэглээрэй.

Хооллолт: Холимог арьстай хүмүүс хооллолтондоо анхаарч арьсны балансыг тэнцвэржүүлэх, үрэвслийг бууруулах антиоксидант ихээр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй. Авакода жимс чийгшүүлэх үйлчилгээтэй бөгөөд витамин Е их хэмжээгээр агуулдаг. Витамин Е нь арьсны балансыг тэнцвэржүүлж, чөлөөт радикалыг бууруулж, нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг. Харин төмс бета-каротинаар дамжуулан витамин А үүсгэдэг. Энэ нь эсийн урвалийг нэмэгдүүлж, арьсыг хамгаалдаг юм.

5. Эмзэг мэдрэмтгий арьс
Эмзэг мэдрэмтгий арьс нь нимгэн, судсууд нь өргөссөнөөс улаан туяатай харагддаг бөгөөд гадна орчны нөлөө, гоо сайхны болон хүнсний бүтээгдэхүүн, эм зэрэгт амархан цочирч толбо, жижиг гүвдрүү үүсдэг. Мөн эдгээр шалтгаанаас болж улайх, үрэвсэх, загатнах, хорсох тохиолдол элбэг байдаг. Бие махбодын өөрчлөлт, даавар, харшлын өвчин зэргээс болж аль ч насанд ямар ч төрлийн арьс эмзэг болох магадлалтай.

Бүтээгдэхүүн сонгохдоо зуун наст, ниацинамид зэрэг тайвшруулагч найрлагатай, мөн цагаан гаа болон үрэвслийн эсрэг антиоксидант агуулсныг нь сонгож байгаарай. Хэрвээ таны арьс батгатай бол пропилен гликолтой бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй энэ нь арьсанд улайлт үүсгэж, загатнуулдаг. Түүнчлэн аль болох олон бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийж, зөөлөн орц найрлагатай, байгалийн гаралтай бүтээгдэхүүн сонгоорой.

Хооллолт: Хүчил шүлтийн тэнцвэрт байдал буюу PH баланс алдагдахад арьс эмзэгшиж эхэлдэг билээ. Тиймээс эмзэг мэдрэмтгий арьстай хүмүүс балансаа тэнцвэржүүлэхийн тулд хүчил болон шүлтлэгийн аль нь ихэссэнийг тогтоож шүлтлэг нь дийлэнх бол хүчил ихээр агуулсан өндөг, мах, цай хэрэглэж, харин хүчиллэг нь дийлэнх бол шүлтлэг ихтэй жимс, ногоо, буурцаг зэргийг хоол хүнсэндээ хэрэглэх нь зөв юм. Сахар, цагаан талх, гоймон, цагаан будааны хэрэглээгээ багасгаарай.

Эцэст нь дээр хэлсэнчлэн арьс арчилгаа гэдэг цэвэрлэгээ, эмчилгээ, хамгаалалт гэсэн 3 шатлалт үйл явц юм. Өглөө, оройд нүүрээ маш сайн цэвэрлээд, өглөөд хамгаалах төрлийн бүтээгдэхүүнүүд харин оройд арьсны асуудлыг анагаах, эмчлэгч төрлийн баялаг орцтой бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж заншаарай. Өглөөд түрхсэн хамгаалах бүтээгдэхүүнүүд чинь өдрийн турш арьсыг нар, салхи, агаарын бохирдол, эрс тэс уур амьсгал, тоос шороо, стрессээс хамгаалж, оройд түрхсэн бүтээгдэхүүнүүд чинь нөхөн төлжилтийг хурдасгаж, чийгшүүлж, гүнээс нь тэтгэж өгөх учиртай юм шүү. Мөн нэмж хэлэхэд зовхины арьсанд тосны булчирхай байдаггүй учир хуурай, тослог, хэвийн ямар ч төрлийн арьстай хүний зовхи хамгийн эрт үрчлээ суух магадлалтай учир аль болох бага залуу наснаасаа чийгшил сайн өгч, зовхины тос, маск хэрэглэж сураарай. Хажуу тийшээ харж унтах нь зовхийг үрчлээтүүлэх том хүчин зүйл болдог учраас аль болох дээшээ харж, хэт өндөр биш дэртэй унтаж байвал сайн.

Мэдээллийг түгээх