Нийслэл 834 0

Үнэн сэтгэлээсээ хайртай учир хийх естойгоо би хийлээ...


Найз залуугаа өөрөөсөө ч илүүгээр хайрладаг нэгэн бүсгүй байв.Тэр хоёр хамтран амьдардаг байсан бөгөөд энэ хорвоод тэднээс илүү жаргалтай хос гэж үгүй байлаа. Нэгэн өдөр хос 2 маань удаан уулзаагүй багынхаа найзтай уулзаж хөгжилтэй зүйлс ярилцан өдрийг их л зугаатай өнгөрүүлж гэнэ. Багын найз нь үнэхээр ухаалаг, сайхан сэтгэлтэй, нүдэнд дулаахан эр байв. Үнэнийг хэлэхэд энэ эр найзынхаа бүсгүйд эртнээс сэтгэлтэй байжээ. Бүсгүй ч энэ нүдэнд дулаахан залуу өөрт нь сайн гэдгийг мэднэ. Гэсэн ч бүсгүйн нүдэнд өөрийнх нь хамгаас хайртай найз залуу нь л эр хүний ёсоор харагдана.

Цаг хугацаа хөвөрсөөр. Хоёр жилийн дараа гэхэд бүсгүй их л гунигтай, баяр баясалгүй болсон байна. Учир нь түүний хамгаас хайртай найз залуу нь өдөр ирэх тусам танигдахын аргагүй өөрчлөгдөж их л уур уцаартай юм л бол хашгирч загнаж хэрүүл өддөг болжээ. Бүр нэг өдөр архи ууж ирээд агсам тавих шахуу юм болж бүсгүйн тэвчээр алдран утсаа шүүрэн гэрээсээ гарч. Гараад зөндөө уйлсан хэдий ч сэтгэл нь онгойх янз алга. Тэгээд ядаж байхад учирлаад ярих найз ч байсангүй. Утсан дээрх жагсаалтаа хартал нөгөө нүдэнд дулаахан залуугийн дугаар байна. Яагаад энэ хүний дугаар утсан дээр нь байсныг ойлгоогүй ч нэг их удаан бодолгүй түүнрүү залгалаа. Үүнээс хойш бүсгүй багын найзтайгаа байнга уулзаж ярилцдаг болов.

-"Тэр яагаад ийм зан гаргаад байгаа юм бол? "

-"Мэдэхгүй ээ"

-"Өөр хүнтэй болсон юм болов уу?"

-"Бүү мэд"

-"Чи түүнээс яагаад ингээд байгааг нь асуугаад өгөөчдээ" Иймэрхүү маягаар өрнөдөг байсан тэдний яриа сүүлдээ илүү дотносч бие биесийнхээ сонирхол үзэл бодлыг хэлэлцдэг болов.

Найз залуугийнх нь хэдэрлэх улам ихэссээр бүсгүйн нүдэнд дулаахан залуу руу гүйж очих олширсоор. Эцэстээ тэрний сэтгэл бүр мөсөн хөрж найз залуугаасаа салжээ. Тэгээд төд удалгүй нүдэнд дулаахан залуутай болздог болж, бас хайртай ч болж. Нүдэнд дулаахан залуу ба бүсгүй хоёрын хайр улам бадамлан асч тэд хүүхэдтэй болжээ.

Энэ 2ын аз жаргалтай байх энэ мөчид бүсгүйн хуучин найз залуу юу хийж байгааг сонирхуулъя.

Тэр хуучин найз охиндоо зориулж захиа бичиж байна. Гэхдээ энэ захиаг түүнд өгөхийг хүсэхгүй байгаа болохоор онгоц болгож нугалаад голд хөвүүлжээ. Залуу захиандаа ингэж бичсэн байлаа.

"Миний амьдралын ганц утга учир цорын ганц хайр минь. Би чамдаа чин зүрхнийхээ угаас хайртай байсан юм шүү. Би чамайг хязгааргүй их хайрладаг шиг чи намайг хайрладаг байсныг би мэднэ. Тиймээс хонгор минь би нэг тэнэг зүйл сэдсэн юм. Хонгор минь би эдгэршгүй өвчтэй болсноо чамаас нуусан. Энэ хорт хавдар намайг өдрөөс өдөрт идэж байна. Чамдаа мэдэгдэхийг хүсээгүй учир чиний хажууд хүчлэн инээж, чамайг байхгүйд өвдсөндөө чичигнэдэг байлаа. Чи санаж байна уу хоёулаа миний багын найзтай нэг уулзаж байсныг. Миний тэр найз чамд үнэхээр хайртай байсныг би мэднэ. Тэгээд түүнийг олж чамайг дагуулан тэрэн дээр очсон. Яг тэр үед би найдлагагүй болсон гэдгээ сонсоод удаагүй байсан юм. Чамайг түүнд татагдаж тэр найзыг минь хайрлаасай гэж би их хүссэндээ. Гэхдээ чи минь надад л дэндүү хайртай болохоор найзыг минь тоож ч харахгүй байгааг би анзаарсан. Үүнээс хойш би бага багаар зангаа хувиргаж эхэлсэн. Чамд уурлаж хэрүүл өдөж амьхандаа чамайг өөрөөсөө холдуулах гэж чармайж байв. Бас чиний утсанд нөгөө найзынхаа дугаарыг нууцаар хадгалж үлдээсэн. Нэг өдөр архи энгэртээ цацаад согтуу хүний дүр эсгэж очиж байснаа санаж байна. Худлаа агсам тавьж, худлаа жүжиглэж. Чамайг утсаа шүүрч аваад өнчин нулимстай гарсан хойно чинь миний зүрх зүсэгдэх шиг болж хэдий эр хүн ч гэлээ хүүхэд шиг уйлж байсансан. Чамайг түүнд дасахын хэрээр би гутарч бас баярлаж билээ. Хайрт минь чи надаас "Чи яагаад ийм тэнэг зүйл хийсэн юм бэ?" гэж асуувал "Би чамд хайртай учраас чи надад хайртай учраас" гэж би хариулна.

Хэрвээ....Хэрвээ би чамд үнэнийг хэлсэн бол, хэрвээ эцсээ хүртэл чи намайг хайрласан бол, хэрвээ намайг үхэхэд дэргэд минь чи байх байсан бол намайг бурхны оронд залрах тэр мөчид чиний амьдрах хүсэл алдрах байсан. Чиний аз жаргал, хүсэл тэмүүллийг өөртэйгөө хамт булшилж үнэндээ зүрхэлсэнгүй. Миний араас явж чадахаар тийм их зоригоор чи намайг хайрладаг болохоор тийм эмгэнэлт замыг сонгохвий гэж би их айсан. Тиймдээ ч чиний намайг хайрлах тэр их хайрыг үгүй хийх тэнэг шийдвэр гаргасан юм. Намайг уучлаарай хайрт минь, үхэн үхэтлээ чамдаа үнэнч хайртай байсан шүү би чинь. Тэнгэрийн орноос чамайгаа аз жаргалтай инээхийг харах надад сайхан байх болноо."

Залуу захиагаа дуусгаад цурхиран уйлав.

Болдогсон бол чамайгаа урт удаан хайрлахсан
Болдогсон бол жаахан илүү амьдрахсан
Болдогсон бол хайртыгаа эцсийн удаа харахсан
Болдогсон бол чамайг тэврээд үхэхсэн

Мэдээллийг түгээх