Нийслэл 639 0

Ойрын зовлон бус ирээдүйн жаргалаа бодмоор байна


Инээмсэглэн сэрж, хайртай гэр бүлийнхэнтэйгээ элдвийг ярилцаж, үр хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь баяртайгаар хүргэн өгч, эрч хүчээр дүүрэн ажилдаа ирж, орой нь ирээдүйнхээ тухай халуун ам бүлээрээ ярилцаж амьдармаар байна.

Гэвч...

Гэвч өглөө сэрээд л элдвийн дэмий бодлууд хөвөрч, утаандаа угаартах дөхөж, амь тэмцэн хүүхдүүдээ хүргэж өгөхдөө  айж байна. Өдөр бүр уушиг ходоодондоо хор шахуулж байгаа ч өнөө хороо өөрөө гаргалцсаар амьдарч байна. Нүүрс түлэх нь хорт утааг бий болгож байгаа хамгийн том шалтгаан гэдгийг мэддэг ч бөмбийсөн гэртээ дулаахан байхын тулд өглөө оройгүй түлсээр л байна. Сургууль, цэцэрлэгтээ яваад эрүүлс аруул эргэж ирэх эсэх нь эргэлзээтэй ч тэднийгээ хүргэж өгсөөр л байна. Асар богино зайд хэт удаан түгжирснээс болж ажлаасаа хоцроод авдаг хэдээсээ хасуулсаар хэрэглээний л хэдэн төгрөг гар дээрээ авч байна. Машин тэрэг, техникийн өндөр дэвшлийг холгүйхэн үйлдвэрээс нь худалдаж авахгүй ч өмсөх хувцас, зүүх зүүлт, идэх хоолоо хажуугийнхаа дэлгүүрээс худалдаж авмаар байна. Хоногийн хоол, түлэх нүүрс биш наран талдаа цонхтой байшингаа өөрийн гараар барьж, нүүрс түлж өөрийгөө болон өрөөлийг хордуулахгүй энгийн л нэг амьдармаар байна.

Гэвч...

Гэвч 4 жилийн улстөрчилтөөрөө талцан хуваагдахаас, биесээсээ өрсөж идэж уухаас өөрийгөө мэдэхгүй удирдагчтай бид. Богино зайны улс төр хийж, хэвлэл мэдээллээр дайтаж, татвар нэмэхийг нь эсэргүүцэж байгаагаарай эх оронч гэж өөрийгөө сурталчилсан дарга нартай бид. Таван жил, арав, бүр тавин жилээр улс орныхоо хөгжлийг тодорхойлдог, шат дараатайгаар төлөвлөгөөгөө биелүүлдэг төсвийн мөнгөнөөс төрөл садандаа өгдөггүй, өөрөө ч авдаггүй, алдаа гаргавал уучлал гуйгаад явж чаддаг дарга нартай, удирдагчидтай, улстөрчидтэй баймаар байна.     

Мэдээллийг түгээх