Гэр бүл 1573 0

Гэрлэлттэй холбоотой түгээмэл асуултууд

Саяхан зурагт үзээд сууж байтал Монгол Улсад нэг жилд 26.000 гэрлэлт бүртгэгдэж, 4.000 гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн статистик тоо ярьж байна билээ. Надад 26.000 гэр бүл үүсдэг гэх тоо овоо их санагдсан боловч салж сарниж байгаа 4.000 гэр бүл гэдэг тоо ч бага биш санагдсан.

 

Манай хуулийн фирмд долоо хоногт хамгийн багадаа 2-3 иргэд гэр бүлийн асуудлаар хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ авах гэж орж ирдэг юм. Түгээмэл асуудлуудын талаар цөөн хэдэн зөвлөгөөг дор тусгалаа.

Гэрлэлтээ бүртгүүлэх шаардлагатай юу?

Шаардлагатай. Нэгэнт хосууд хайр сэтгэлээ баталгаажуулж гэр бүл болохоор эцсийн шийдвэрээ гаргаж хамтын ахуй эрхлэн нэг дор хамтран амьдарч эхэлсэн л бол эхнэр жирэмсэн болсон эсэхээс үл шалтгаалж хосууд гэрлэлтээ иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх нь зөв юм. Шаардлагатай цөөн тооны баримтаа бүрдүүлчихвэл бүртгүүлэх ажиллагаа хэдхэн хором шаардана. Бүх сум, дүүргийн иргэний бүртгэлийн хэлтсүүд хүнд суртал багатайгаар бүртгэлийн үйл ажиллагааг явуулж байгаа тул энэ нь нэг их төвөгшөөх асуудал биш юм. 

Олон хосод яг энэ мөчлөг дээр алдаа гаргадаг. Хайр сэтгэл, дурлал хүмүүсийг сэтгэл санааны хөөрлийн байдал буюу эйфорид оруулдаг болохыг сэтгэл зүйчид ярьдаг. Энэ үед хосууд, ялангуяа эмэгтэйчүүд “гэрлэх” гэдгийг хэт романтик байдлаар төсөөлөн бүртгэлийн асуудлыг үүнтэйгээ холбож хойшлуулдаг. Романтик төсөөлөл гэдэгт юуны түрүүнд залуугийн тал нь түүнийг ёс журмын дагуу “гуйж” хадаг барих ёстой гэж үздэг. Энэ нь олон жилийн уламжлалт ёс заншилтай холбоотой л зүйл.

Ингээд нэг хэсэг хугацаа өнгөрнө. Тэгж байтал хүүхнүүд “Заавал хуримаа хийж байж л батлуулна” гэх романтик шаардлагаа хэрэгжүүлэх гээд үзчихдэг. Дэнж хотойлгосон хурим болж амжаагүй байтал хайрандаа шатсан хосуудын дундаас хүүхэд төрчихдөг. Гэтэл гэрлэлт батлуулаагүй л байдаг.

Хосууд гэрлэлтээ батлуулаагүй ч гэсэн хамтран амьдрах болсон тул залуугийн аав, ээж 2 өрөө байр авч өгч, бүсгүйн аав, ээж дунд оврын жийп машин, байрны бүтэн тавилга аваад өгчихдөг. Энэ үеэс хосуудын дунд анхны хэрүүл, муудалцаан, үл ойлголцол гарч эхэлдэг бөгөөд салж сарних асуудал босоод ирдэг. Одоо салах болбол яах вэ?

Орон сууц нөхрийн нэр дээр, машин бас нөхрийн нэр дээр бүртгэлтэй. Бүртгэлтэй гэдэг чинь тэр хүний өмч гэсэн үг. Тавилгад бүртгэл байхгүй. Өмч хуваах маргаан дэгдлээ. Бүртгэлтэй хүн өмчөө авна. Тэгвэл хүүхэдтэй бүсгүй гудамжинд хөөгдөж гарах уу? Салж сарниад маргаан гараад хөөвөл хөөгдөж гарах магадлал өндөр юм.

Энэ бүхэн маш олон хосод тохиолддог нийтлэг зураглал болохоор би ийнхүү нуршин өгүүллээ.

 “Байрыг нөхрийн аав ээж авч өгсөн учраас дундын өмчид хамаарахгүй” гэх төөрөгдөл их байдаг. Хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгө мөн л бол гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн юм.

Тэгвэл гэрлэлтээ батлуулсан тохиолдолд ямар эрх зүйн үр дагавар гарах вэ?

Гэрлэлтээ батлуулсан хосуудыг “гэрлэгчид” гэх бөгөөд гэрлэгчдийн асуудлыг Монгол Улсын Иргэний хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хууль, Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэдэг.

Гэрлэгчид гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж үздэг. Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах тохиолдолд хамтран өмчлөх дундын өмчийг харилцан тохиролцож хувааж авч болдог. Тохиролцохгүй бол шүүх хуваах бөгөөд гэр бүлийн гишүүн бүрт тэнцүү хуваах зарчмыг баримтална.

Дээр өгүүлсэн жишээн дээр хосууд гэрлэлтээ батлуулсан байсан бол дундын өмчлөлийн орон сууц, машин, эд хогшлоо бүгдийг нь үнэлээд гэр бүлийн гурван гишүүнд тэнцүү хувааж эхнэр нь хүүхдээ асрамждаа авч үлдсэн бол нийт өмчийн гуравны хоёрыг авч, нөхөрт гуравны нэг нь ноогдоно. Тухайлбал, эхнэр, хүүхдийн хамтаар орон сууцаа авч үлдээд нөхөртөө машинаа өгч, зөрүү гарвал нөхөртөө нэмж хэдэн төгрөг төлөх байдлаар шүүх дундын өмчийг хувааж болно. Манайхны дунд “Байрыг нөхрийн аав ээж авч өгсөн учраас дундын өмчид хамаарахгүй” гэх төөрөгдөл их байдаг. Хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгө мөн л бол гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн юм.

Тийм ч учраас хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлдээ гэр бүлийн гишүүдээ бүгдийг нь бүртгүүлэх нь чухал байдаг. Зарим хүмүүс, ялангуяа бизнес эрхлэгч гэр бүлүүд, орон сууцаа зөвхөн нөхрийнхөө нэр дээр бүртгүүлэх нь элбэг байдаг. Үүнийгээ “Зээл авахад банкны барьцаанд тавихад амар байдаг юм” гэж тайлбарладаг. Энэ маш буруу. Нөхөр гэнэт нас барсны дараа өв залгамжлалын асуудал яригдахад эхнэр, хүүхдүүд нь орон сууцыг дундын өмчлөлийн хөрөнгө байсан гэдгийг нотлох шаардлага гарч ирэх тохиолдол байдаг. Тэр үед шүүгч эхнэрээс “Таны болон таны хүүхдүүдийн өмч мөн юм бол та нарын нэр яагаад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээн дээр байхгүй байгаа юм бэ?” гэдэг асуултад “Зээл авахад амар гээд зөвхөн нөхрийн нэр дээр байсан юмаа” гэдэг тайлбар чинь тэр бүр тус болохгүй шүү.

Гэрлэлт цуцлах маргааныг шүүх шийдвэрлэхдээ хамгийн ихээр эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүний ээлжид тавьж асуудлыг шийдвэрлэдэг. Үнэхээр гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй, эвлэрэх боломжгүй бол шүүх гэрлэлтийг цуцалж хүүхдийн асрамжийн асуудал, дундын хөрөнгийн маргаан, хүүхдийн тэтгэлгийн асуудлуудыг шийдвэрлэдэг.

Бүсгүйчүүдэд дахин захихад гэрлэлтээ батлуулах нь танд болон таны хүүхдэд ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлээс хамгаалах том баталгаа юм шүү.

Хуульч Л.Нинжбаттай холбогдох утас: 99118570

Мэдээллийг түгээх