Компань 743 0

М-СИ-ЭС ГРУППИЙН ГУРВАН КОМПАНИ “ОНЫ ШИЛДЭГ ЭНТРЕПРЕНЕР”-ЭЭР ШАЛГАРЛАА


МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулан, шилдгийн шилдгээр өргөмжилдөг “Энтрепренер” ёслолын ажиллагааг зохион байгуулахад М-Си-Эс Группийн гурван компани шилдгээр тодорлоо. Тус шалгаруулалтыг аж ахуйн нэгжүүдийн тухайн онд шинээр бий болгосон үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байр нэмэгдүүлэлт, инноваци, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн байдал, компанийн байгаль орчин, ногоон бизнесийн бодлого зэрэг үзүүлэлтээр дүгнэн шилдгийг тодруулдаг уламжлалтай.

МҮХАҮТ-ын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр М-Си-Эс Кока-Кола ХХК болон Энержи Ресурс ХХК-ийн нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, 2017 оны “Оны онцлох аж ахуйн нэгж”-ээр тодруулан мөнгөн Меркури, М-Си-Эс Эстэйтс компанийг үл хөдлөх хөрөнгийн салбарын “Оны онцлох Энтрепренер”-ээр шалгаруулж, хүрэл Меркури гардуулан өргөмжиллөө.

М-Си-Эс Кока-Кола компанийн 2017 онд хийсэн онцлох ажлуудаас дурдвал, нийт 37 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл улсын төсөвт төвлөрүүлж, дотоодын бэлтгэн нийлүүлэгчдээс нийт 13.7 тэрбум төгрөгийн бараа материал, бүтээгдэхүүн үйлчилгээг хүлээн авч ханган нийлүүлэгчдийг дэмжин хамтарч ажиллаад байна. Үүнээс гадна өнгөрөгч онд хэрэглэгчдэдээ зориулан Sprite Zero, Schweppes +C Kiwi зэрэг шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнээ зах зээлд амжилттай танилцуулж, сайн үйлсийн аянд зориулан 70 орчим сая төгрөгийг 10 гаруй сайн дурын байгууллагад хандивлаж, озоны давхаргад сөрөг нөлөөгүй 8500 орчим хөргөгчийг суурилуулан үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж байна.

Харин Энержи Ресурс ХХК-ийн хувьд улсын төсөвт 59 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төвлөрүүлж, Ухаа худаг дахь Монголдоо анхдагч нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэн, Монгол инженерүүдийн зохион бүтээсэн тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Мөн уурхайн болон дагалдах төхөөрөмжийн техник технологийг шинэчлэхэд 18.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн, 560 орчим ажлын байр бий болгосон амжилтаар “Оны онцлох аж ахуйн нэгж” шагналын эзэн болжээ.

М-Си-Эс Эстэйтс ХХК улсын төсөвт 1.6 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төвлөрүүлж, үйл ажиллагаандаа эрчим хүч, ус, дулаан хэмнэх ногоон бодлогыг хэрэгжүүлж байгаа юм. Түүнчлэн чанарыг эн тэргүүнд тавьж хэрэглэгчдийн тав тухыг хангах, эрчим хүч хэмнэх эко техник төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, байгальд ээлтэй технологийн худалдан авалтыг дэмжих зэрэгт нийт 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Тус компани дэлхийн үл хөдлөх хөрөнгийн хамгийн том ассоциаци болох “BOMA”, “IFMA” байгууллагын Монгол дахь анхны гишүүн болж, дэлхийн үл хөдлөх хөрөнгийн менежментийн стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

Ийнхүү баялаг бүтээгчид 2017 оныг амжилт арвинтай үдэж байна.

Б.Сувд

Мэдээллийг түгээх