спорт 2046 4

Д.Амартүвшин, Д.Сумъяа нар мөнгөн медаль хүртлээ


БНХАУ-ын Хөх хотноо болж буй жүдо бөхийн Гран-при тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Тус тэмцээнд дэлхийн 26 орны шилдэг жүдочид өрсөлдөж байгаагаас эхний хоёр өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, 81,эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63, 70 кг-ын жингийн медальтнууд тодорлоо. Манай тамирчдаас хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн бол таван жүдоч шагналт байранд ороод байна. Тодруулбал, эрэгтэйчүүдээс 60 кг-д Д.Амартүвшин мөнгө медаль хүртсэн бол мөн тус жинд Г.Болдбаатар, 66 кг-д Ё.Басхүү нар хүрэл медалиар хүртэж, медалийн тавцанд зогслоо. Эмэгтэйчүүдээс хоёр жүдоч медаль хүртээд байгаа бол 57 кг-д Д.Сумъяа мөнгө, М.Уранцэцэг хүрэл медаль авлаа.

Одоогоор 15 орон ямар нэгэн медаль хүртсэнээс Япон дөрвөн алтан медальтай тэргүүлж эхэлсэн бол ОХУ, Канад, БНСУ, БНХАУ, БНАСАУ-аас нэг аварга төрөөд байна. Манай улс нийт таван медаль хүртсэн амжилтаар долоодугаар байрт жагсаж байна.

Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, 100, +100 кг, эмэгтэйчүүдийн 78, +78 кг-ын жингийн медальтнууд тодорно. Манай улсаас эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд Б.Мөнхтуяа, Э.Гандиймаа, эрэгтэйчүүдийн 90 кг-д Г.Алтанбагана, Э.Мөнхжаргал, 100 кг-д Б.Жанчивдорж, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр нар барилдана.

Шигшээ барилдаан 19.00 цагт эхэлнэ.

Мэдээллийг түгээх